УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн мэдээллийг хүргэе.
/ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг/
“Гадаад иргэд Монголд ирж чадахгүй байснаар гадаад багштай сургуулиуд хичээлээ заах боломжгүй байх, зарим ЭСЯ-ны ажилтнуудын ихэнх нь гадаад улсаас ирж чадахгүй байгаагаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болох, удирдлагууд нь ирж чадахгүйгээс шалтгаалж цалингаа олгох боломжгүй болоод буй компаниуд ч байгаа.
Иймд УОК-ын даргаас өгсөн зөвшөөрлийн дагуу маргааш Сөүл хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, зөвхөн гадаад иргэдийг авчрахаар болсон.
Одоогоор 15 улсын 100 гаруй иргэн ирэхээр МИАТ ТӨХК-аас тасалбараа авсан. Есдүгээр сард 12 удаагийн нислэгийг долоон чиглэлд хийж, урьдчилсан байдлаар 3120 иргэн авчирна гэсэн тооцоолол гаргалаа. Тусгаарлах байрны хүрэлцээг харгалзан энэ тоог нэмнэ.
Есдүгээр сард Сөүл руу гурав, Франкфурт руу хоёр, Токио руу хоёр, Стамбул, Сидней, Сиатл руу нэг, нэг удаа нислэг хийх юм. Мөн нэмээд Хонконг руу хоёр удаагийн нислэгийг нэмж хийнэ. Энэ нислэгээр АНУ, Австрали, Зүүн өмнөд Ази, Канад зэрэг улсаас иргэдээ авах юм.
-Есдүгээр сарын 3, 15 болон 24-нд Сөүл,
-Есдүгээр сарын 8 болон 17-нд Хонконг,
-Есдүгээр сарын 9 болон 21-нд Токио,
-Есдүгээр сарын 14 болон 23-нд Франкфурт,
-Есдүгээр сарын 18-нд Стамбул,
-Есдүгээр сарын 25-нд Сидней,
-Есдүгээр сарын 28-нд Сиатл гэсэн чиглэлд онгоц ниснэ” гэлээ.
Л.Баяр