Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2020.08.26) хуралдаан гишүүдийн 57.9 ирцтэйгээр 18 цаг 20 минутад эхэлж, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Л.Энх-Амгалан гишүүн танилцууллаа.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” болон “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” баримт бичгүүдийг нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байдлыг хангуулах зорилгоор Улсын Их Хурлын даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн захирамжаар Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн төлөөлөл бүхий 29 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдсан байна.
Ажлын хэсэг төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэж гурван удаа хуралдсан байна. Ажлын хэсгийн хуралдаанд гишүүдээс нийт 145 санал гарсныг нэг бүрчлэн хэлэлцэн, 77-г дэмжин Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Ажлын хэсгээс зарим саналыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагагүй бөгөөд таван жилийн үндсэн чиглэлий болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөн тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “Нэг хуулийн төслийг хэд хэдэн Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хууль тогтоомжид заасан бол тэдгээр нь хуралдаанаа тус тусдаа зохион байгуулж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ” гэж заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг тус тус танилцууллаа. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Амартүвшин танилцуулав. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.18-д “Төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр 2 ба түүнээс дээш саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа бусад саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож тэдгээр саналаар санал хураалт явуулахгүй” гэж заасан байдгийг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулаад, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв.
Төгсгөлд нь “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Улсын Их Хурлын ХМОНХХ