Оюутан сурагчдын 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 4 хоног үлдээд байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албан байгууллагууд өөр өөрийн чиг үүргийн хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор дараах хяналт шалгалтыг хийж ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах их, дээд болон Ерөнхий боловсролын сургууль, коллежуудын дотор, гадна орчинд суурилагдсан телехяналтын камеруудын ашиглалтад үзлэг хийж, стандартын шаардлага хангуулах хяналт шалгалтыг 2020 оны 08 дугаар сарын 20-27ныг хүртэл хугацаанд зохион явуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтанд Чингэлтэй дүүргийн 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Их, дээд гурван сургууль, ерөнхий боловсролын долоо, коллеж нэг нийт 11 сургууль хамрагдаж байна.
Их дээд болон ерөнхий боловсролын сургууль, коллежид хяналт шалгалт хийхэд Ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль нь хяналтын камер стандарт шаардлага хангасан анги танхимыг бүрэн камержуулсан, хадгалах хугацаа стандартад нийцсэн сайшаалтай байв.
Гэвч бусад их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, коллежид нийтлэг зөрчил дутагдал илэрч байна. Учир нь сургуулиуд Монгол Улсын стандарт /MNS 6423:2019 / шаардлага хангахгүй, хяналтын камерын хадгалах хугацаа бага, анги танхимыг бүрэн камержуулаагүй зэрэг зөрчлүүд илэрч байна. Зөрчлийг арилгуулахаар хугацаатай шаардлага мэдэгдэл өгч ажиллаж байна.
Стандартад нийцсэн хяналтын камер байршуулснаар хүүхдийг гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
Эх сурвалж: Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс