Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар биеийн тамир, спортын салбарын эрдэмтдийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар санал солилцов.
Уулзалтад Монголын үндэсний олимпын академийн Ерөнхийлөгч доктор (Ph. D) профессор Ч.Зоригтбаатар, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор (Sch. D) профессор Л.Алтанцэцэг, АШУҮИС–ийн багш, доктор (Ph. D) дэд профессор Б.Буяндэлгэр, МУБИС–ийн Биеийн тамирын сургуулийн сургалтын албаны дарга, доктор (Ph. D) Г.Батцэцэг, “Мон-Алтиус” сургуулийн захирал Б.Өсөхбаяр, “Аварга” биеийн тамир, спортын дунд сургуулийн захирал А.Элбэг, Монголын биеийн тамирын багш нарын холбооны тэргүүн Ш.Гантулга, Спортын төв сургуулийн сургалтын менежер Х.Гэрэлцогт нар оролцож, Олимпизмын үзэл санааг Олимпын зөвлөлүүд болон Олимпын танхимуудаар дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж боловсронгуй болгох тухай хэлэлцэв.
Мөн биеийн тамир, спортын судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг өрнүүлэх, хүүхэд багачуудад олимпийн боловсролыг түлхүү сурталчлах төсөл болон тамирчдын тамирчны дараах карьерийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чухал ажлуудыг хамтран гүйцэтгэхээр тогтлоо.