Цар тахалтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс хичээл эхлэх боловч долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гарсан. Тэгвэл есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх бол нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр бэлтгэлээ хангаж байна гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
/Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг/
Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “”Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг есдүгээр сарын 15-ныг хүртэл сунгасан бөгөөд энэ нь хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл, халдвар тархахаас урьдчилан сэргийлсэн хуульзүйн үндэслэл. Цаашид соёл урлаг, спортын арга хэмжээний талаар мөн и-спортын төвүүдийг нээх талаар ажиллаж байна” гэдгийг мэдээлсэн байна.
КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Нөхцөл байдлыг харгалзан 09 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа тухай өчигдрийн /2020.08.05/ засгийн газрын хуралдаанаар мэдээлсэн юм.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны дэд сайд мөн энэ түр журмын үйлчлэх хугацаа ойрын хугацаанд дуусгавар болно гэж байсан юм.
Л.Баяр