Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
/БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир/
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 19,900 багш өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтад хамрагдаад байна. Үлдсэн найман аймаг энэ өдрүүдэд сургалтаа зохион байгуулж байгаа. Энэ хичээлийн жилд нийслэл болон зургаан аймгийн нийт 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар орон нутгийн элсэлт 54, нийслэлийнх 60 хувьтай үргэлжилж байгаа. Наймдугаар сарын 28-н гэхэд элсэлтийн ажил дуусч, эцсийн дүн мэдээ гарна” гэлээ.
Сэтгүүлчдийн асуултад:
– Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдах уу?
– БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн бөгөөд хуучин уламжлалт нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Харин хичээл эхлэхээс өмнө тухайн сургууль хичээлийн жилийн онцлог, шинэ багш нарын талаар эсвэл ахмад багш нарынхаа сургаалийг видео хэлбэрээр бэлтгэж хүргэж болно” гэлээ. Мөн сурагчид дүрэмт хувцас эсэх талаар хэлэхдээ “2013 оноос хойш өмсөж байгаа нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө. Дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй. Хүүхдэд ялгаатай байдал үүсгэхгүйгээр дүрэмт хувцсаараа жигдэрнэ” гэлээ.
Л.Баяр