Соёлын яамны дэмжлэгтэй Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар болжээ.
Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг 5 байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцох юм.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” ууланд Монголын эзэнт гүрний үеийн олон тооны булшийг тонож сүйтгэсэн байсныг 2017 оны зун нутгийн иргэдийн мэдээллээр судлаачид олж мэдсэн байна. Тухайн үед уг дурсгалт газарт судалгаа хийх зөвшөөрөлгүй байсан тул 2018-2019 онд хоёр жил дараалан эдгээр тоногдсон дурсгалын орчимд үлдэж хоцорсон олдвор хэрэглэгдэхүүнийг авран хамгаалах судалгаа хийжээ.
Төлөвлөгөө ёсоор 2020 онд “Хориг” уулын орчимд тоногдсон бусад дурсгалуудыг авран хамгаалах судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр байсан төдийгүй уг судалгааг Засгийн газраас дэмжиж нөөц хөрөнгөнөөс санхүүжилт олгох тогтоол 2019 оны 9 дүгээр сарын 25-нд баталсан юм. Уг төсвийг батлуулахад тухайн үеийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, одоогийн Соёлын сайд С.Чулуун Засгийн газрын удирдлагуудад судалгааны ач холбогдлыг танилцуулсны үр дүнд ажил хэрэг болжээ. Ийнхүү Засгийн газрын тогтоол, шийдвэр нь гарсан хэдий ч цаг үеийн асуудлаас болж төлөвлөгөөт ажлууд нь хэрэгжиж эхлээгүй байсан тус судалгааны ажлыг С.Чулуун Сайдын дэмжлэгтэй хэрэгжүүлж эхэллээ.