БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун зарим эрх мэдлээ өөрийн төрсөн дүү Ким Ё Жондоо шилжүүлэн өгсөн гэж БНСУ-ын тагнуулын газар үзэж байна.
Бүх эрх мэдэл нь урьдын адил Ким Жөн Уны гарт байгаа хэдий ч сэтгэл санааных нь хямрал, ачааг нь хөнгөлөхийн тулд төрийн бодлогын зарим асуудлыг түүний ойрынх нь хүн хариуцаж байна гэж тагнуулчид үзэж байгаа аж.
БНСУ-ын тагнуулын газрын төлөөлөгчид дүгнэлтүүдээ парламентын депутатуудад танилцуулжээ. Хэвлэлийн хурал хаалттай болсон хэдий ч хожим нь парламентын гишүүд сэтгүүлчдэд эдгээр дүгнэлтийн талаар ярьсан байна.
Ким Ё Жон одоо Пёньяны АНУ болон Өмнөд Солонгост чиглэсэн бодлогыг хариуцаж байгаа бөгөөд БНАСАУ-ын улс төр дэх хоёр дахь нөлөө бүхий хүн болсон байж магадгүй байна.
Бүрэн эрхийнхээ заримыг нь дүүдээ шилжүүлэн өгөх болсон нь стрессээ багасгах хүсэлтэй нь холбоотойгоос гадна Пёньяны бодлого явцгүй болсон тохиолдолд хүлээж болзошгүй үүрэг хариуцлагаас зугтах гэсэн оролдлого байж магадгүй юм гэсэн дүгнэлтэд БНСУ-ын тагнуулын алба хүрчээ.
Гэсэн ч шинжээчдийн зарим нь БНСУ-ын тагнуулын газрын дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй байгаа аж. Тодруулбал, 8 дугаар сард Ким Жөн Уны дүү хоёр чухал хуралдааныг алгассан бөгөөд үүний дараа тушаал буурсан гэх цуурхал тарсан байна.
Гэр бүлийнх нь бусад гишүүдээс хамгийн ойр дотны хүнд нь тооцогддог Ким Ё Жон нь Ким Жөн Уны бага дүү юм. Ахаасаа дөрвөн насаар дүү тэрбээр 1987 онд төржээ. Хожим нь ах дүүс хамт Швейцарт боловсрол эзэмшжээ. Хоёр Солонгосын багийг нэгтгэж оролцуулах хүрээнд Ким Ё Жон өвлийн олимпын наадмын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.
Түүнчлэн тэрбээр олон улсын дээд хэмжээний уулзалтууд тэр дундаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын оролцсон уулзалтад ахтайгаа хамт байсан юм.
Эх сурвалж : МОНЦАМЭ