Миний бие хаврын нэгэн үдэш үхлүүт шархтаж билээ. Цусан улаан өнгөт сарнай цэцгийн дэлбээ хүнийг тийнхүү шархтуулан шаналгаж болох юм гэдгийг улаан зүрхэндээ оруулаагүй явжээ.
Сэтгэл зүрхий минь эзэмдсэн амраг хүндээ уян зөөлөн үг хэлж, хожмын амьдралын ээдрээт замыг эгцлэн шулуутгах санаатай иртэл цагаан бүтээлэгтэй ширээн дээрх болор бумбанд суулгасан улаан сарнай цэцгийн баглааг уйтгарт нүдээр ширтэн сууж байлаа. -Хэн чамд ийм сайхан цэцэг бэлэглээ вэ гэж санаандгүй асуутал тэр өөдөөс минь бухимдсан байдалтай инээвхийлж,
– Чи л лав биш дээ гэв.
– Би чамд зүрхээ өгсөн шүү дээ.
– Зүрхээ өгч болсон юм, цэцэг бэлэглэж болдог байгаа даа.
-Би энэ тухай ер бодсонгүй.
-Тийм ээ, чи зүрхээ өгсөн гэхээс өөр юу ч боддоггүй.
-Би түүнээс илүү юу бодох ёстой юм бэ, би өөр юу бодох ёстой юм бэ? Чи надад хэлээд аль…
Би гайхаш тасарч гутрахын эрхэнд ухаан бодол үймрэн юу ч хэлж чадсангүй.
Нээлттэй цонхны дэргэд очиж зогсвол од түгсэн хаврын цэлмэг тэнгэрийн дор өргөн гудамжнаа зорчих хүн олон. Би тэр олон хүнд сэтгэл зүрхээрээ хашгиран орилон “Та нар намайг хараач.
Энэ дэлхий дээр хосгүй хайрт хүндээ амин зүрхээ тушаан өгсөн би буруутан болоод байна. Миний зүрх сарнай цэцгийн өчүүхэн улаан дэлбээнээс дор юм гэж үү. Би ганцхан зүрхтэй. Би та бүхэнтэй адил ганцхан зүрхтэй. Би түүнийгээ хайрт хүндээ өгсөн.
Янаг хайрт түүнийхээ төлөө халгилан булгилагч цусан улаан зүрхээ өгөхөөс илүү яах юм бэ. Haд хэлээд өгөөч. Цэцэг гэдэг чинь юу юм бэ, та нарын дунд цэцэг барьж үзээгүй хэн байнаа. Гарт чинь ганддаг цэцэг шүү дээ. Хүний зүрхийг барьж үзсэн хүн байвал наашаа харагтун! Миний зүрхийг алган дээрээ тавьсан хүн намайг зэмлэж байна.
Гэм нь гэвэл би түүнд цэцэг бэлэглээгүй зүрхээ бэлэглэсэн. Тэгээд би гэмтэн буруутан болжээ. Зүрхнээс илүү Сайхан улаан цэцэг энэ орчлонд байдаг юм уу? Haд хэлээд аль. Хүний амин зүрх, итгэл хайрын шидэт жигүүртэн үүрээ засдаггал халуун зүрх, ертөнцийн харанхуйг нэвтлэн сарниулагч гэрэлт улаан зүрх, бүхнийг соёрхон, бүхнийг захирагч бурхан амин зүрхийг минь алган дээрээ тавиад над буцаан өгөх гэж байна”.
Би ингээд эрсхэн эргэж харлаа. Миний хайрт хүн улаан сарнай цэцгийн баглааг уйтгартайяа ширтэн суусаар байлаа. Цагаан бүтээлэг дээр хоёр улаан дэлбээ хэвтэх нь цусны том дусал мэт харагдав.
-Хайрт минь чи үүнийг таслаа юу?
-үгүй, өөрөө тасраад ойчно лээ.
-Миний хашгирахаар тасраад ойчиж л дээ.
-Чи ямар дуугарсан биш дээ.
-Миний зүрх хашгирсан, орилсон…
-Бас л зүрх…
Мөс шиг хүйтэн энэ үг зүрхэнд минь шигдэн орлоо. Ширээн дээрх улаан сарнай цэцгийг шүүрэн авч шалан дээр үйрмэг болтод дэвсээд зүрхээ сугалан түүний өмнөх болор бумбанд тавьж болмоор санагдсан. Тэглээ ч гэсэн нэгэнт шархалсан зүрхээ эргүүлэн авахаас илүү ялалт, илүү гаслан байхгүй гэдгийг мэдэж билээ.
Зохиолч: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч: С.Эрдэнэ /1962.09.25/