УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны хуралдаанаар баталж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан.
Уг хуульд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 74.7 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 5.1 хувьтай байхаар тусгасан юм.
Корона вирусын халдвар цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт урьдчилан тооцоолоогүй их хэмжээний хохирол учруулж, улмаар 2020 оны дэлхийн эдийн засаг огцом буурч -4-6 хувьд хүрэхээр байгаа гэлээ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар, төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тус тус буурчээ.
Иймд Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах, экспортыг далайцтай нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа.
Үүний улмаас Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах үед тооцсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, ялангуяа ДНБ-ий хэмжээ буурахаар байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгосон байна. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Амарсайхан танилцуулав.
Хуулийн төсөлд орж булийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авлаа.
Хуулийн төсөлд орж буй тоон үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тодруулсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нарын асуултад Сангийн сайд хариулахдаа “ДНБ-ий бодит өсөлт 6 хувь байсныг -1 хувь болгож, хэрэглээний үнийн индекс 8 хувь байсныг 3.8 хувь болгон тооцсон Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөгөөр баталсан байсныг 9.7 их наяд төгрөг болгож өөрчилсөн.
ДНБ-д эзлэх хувь нь 29 хувь байсныг 25.2 хувь болгож, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 13.9 их наяд төгрөг байсныг 14.6 их наяд төгрөг болгон өөрчилж байна. ДНБ-д эзлэх хувь нь 34.1 хувь байсныг 37.7 хувь болгон өөрчилсөн. Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ нь 2.3 их наяд төгрөг байсныг 704 тэрбум төгрөг болгож бууруулсан. ДНБ-д эзлэх хувь нь 5.6 байсныг 1.8 болгож буулгасан. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 74.7 тэрбум төгрөг байсныг 4 их наяд 846.6 тэрбум төгрөг болгосон.
Алдагдлын хэмжээ ДНБ-ий 5.1 хувь байсан нь 12.5 хувь болж байна. Хоёр орлого орохгүй байгааг анхаараарай. Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 3 их наяд 806 тэрбум төгрөг байсныг 3 и наяд 408.6 тэрбум төгрөг болж, ДНБ-д эзлэх хувь нь 9.4-өөс 8.8 хувь болгон бууруулж байна. Өрийн хэмжээг 22 их наяд 89 тэрбум төгрөг байсныг 24 их наяд 65.8 тэрбум төгрөг болгосоноор ДНБ-д эзлэх хувь нь 54.3-аас 62.2 хувь болж байна. Босго нь 70 хувь юм.
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээг 756.6 хувь байсныг 1 их наяд 650.2 тэрбум төгрөг болгон өөрчилсөн” гэв. Хөрөнгө оруулалтын зардлыг хассан, төсөвт байгууллагуудаас 118 гаруй тэрбум төгрөгийг хассан бол үүнтэй зэрэгцээд хүүхдийн мөнгөтэй холбоотой 800 гаруй тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарын урсгал зардлын санхүүжилтийг 100 гаруй тэрбум төгрөгөөр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлсэн гэх зэрэг арга хэмжээнд зардлууд өссөн гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарлалаа.
Алдагдалгүй төсөв хэзээ батлах бол гэсэн Ж.Ганбаатар гишүүний асуултад хариулахдаа, нэн тэргүүнд эдийн засгаа тэлэх, өрийн асуудлаа хамгийн ашигтай, оновчтойгоор шийдвэрлэх шаардлагатай гээд холбогдох тайлбарыг хэлж байв.
Н.Учрал гишүүн хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд төрөөс тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлвэл аж ахуйн нэгжүүд болон иргэдийн орлогыг дэмжих бодит дэмжлэг болно хэмээгээд энэ чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тодруулсан. Санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг зохистой хэлбэрээр өргөн хүрээний үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд холбогдох талууд ажиллах саналыг хэлж байлаа.
2016 онд хувьцаат компаниуд 390 байсан бол 2019 он гэхэд ердөө таваар нэмэгдсэн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд 414 тэрбум төгрөг байсан нь 2019 онд 2 их наяд 613 тэрбум төгрөг болсон гэх зэргээр үндсэндээ хоёр дахин өсөлттэй байгаа гэв.
Цаашдаа биржийн бус зах зээлийг хөгжүүлэх, зах зээлийн ил тод байдлыг нэвтрүүлэх, блокчейн технологи дээр үндэслэсэн системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаа гэлээ. Үнэт цаасны зах зээлийн тухай болон Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажиллаж байгаа гэдгийг Сангийн сайд хэлсэн.
Үүний хүрээнд хамтарсан даатгалыг нэвтрүүлэх, дотоодын давхар даатгалыг нэвтрүүлэх, цахим даатгалын зохицуулалтыг бий болгох зэрэг асуудлын зохицуулалтыг тусгах аж. Даатгалын салбарын ашигт ажиллагаа нь 2016 онд 11.4 тэрбум төгрөг байсан бол 2019 оны байдлаар 22.7 тэрбум төгрөг буюу ашигт ажиллагаа нь хоёр дахин нэмэгдсэн гэв. Нийт хөрөнгө нь 208 тэрбум төгрөг байсан нь 2019 онд 365.8 тэрбум төгрөг болж өссөн, өөрийн хөрөнгө 157.6 тэрбум төгрөг байсан нь 2019 онд 339.4 тэрбум төгрөг болж өссөн байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа төсөв дээр тусгагдсан төсөл арга хэмжээний хэрэгжилт сунжирч, үүний улмаас төсөвт өртөг нэмэгддэг асуудалд тайлбар хүсэхэд зураг төсөвгүй обьектуудад хөрөнгө оруулалт хийдэг, эсвэл 7-9 жилийн өмнө хийсэн зураг төсөвтэй обьектуудад хөрөнгө оруулалт хийдгээс үүдэлтэй гэдгийг Сангийн сайд тайлбарлав.
Иймд дээрх байдлыг залрууж, 2021 оноос эхлэн зураг төсөвгүй, газрын асуудлаа шийдээгүй обьектуудад хөрөнгө оруулалт төсөвлөхгүй байх зарчим баримталж ажиллана гэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар тодруулав.
Мөн тэрбээр Азийн хөгжлийн банкны судалгаа мэдээлэлд Монгол залуучуудын ажилгүйдэл 30 хувьд хүрэх эрсдлийн талаар мэдээлснийг дурдаад үүнээс сэргийлэх үүднээс холбогдох бодлогын арга хэмжээг төлөвлөж, авч хэрэгжүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. Төсвийн орлого чиглэлд нэлээд дайчилж, гол нэрийн экпортыг шахаж ажиллах шаардлагатай гэдгийг Сангийн сайд хэлж байв.
Зэсийн дундаж үнийг 5700 ам.доллар хэмээн төлөвлөсөн ч эхний хагас жилдээ харьцангуй бага байсан бөгөөд өсөх хандлагатай гэдэг тооцооллыг хийгээд байгаа юм байна. Төсвийн тодотголын төсөл дахь төсвийн алдагдлын хэмжээг зарлахад эргээд макро эдийн засаг болон гадаад орчинд үүсэх эрсдлээ зөв тооцох ёстой гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан анхааруулсан.
Мөн тэрбээр хүүхдийн мөнгийг нийгмийн халамжаас ялгаж, нийгмийн хамгаалал гэдгийг хаа хаанаа ойлгон, цаашид үргэлжүүлэх чиглэлд анхаарах саналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэллээ. ЭМДСан болон НДСангийн хөрөнгө болох 1 их наяд төгрөгийн хэмжээтэй мөнгөн хөрөнгийн менежмент хийж, төсвийн санхүүжилт болгох боломжийн талаар хэлж байв.
Гишүүд төрийн өмчит 500 гаруй компанийн 300 гаруй нь алдагдалтай ажиллаж, нийт алдагдал нь 380 орчим тэрбум төгрөгөөр яригдаж байгааг онцолж, эдгээр компаний өр зээлийн асуудал өнөөдөр яригдаж буй төсвийн алдагдалтай хэмжээгээрээ дүйцэхүйц байгааг хэлж байсан.
Түүнчлэн балансын үнэлгээрээр 26.2 их наяд төгрөгийн үнэ бүхий хөрөнгө төрийн мэдэлд байдгийг хэлээд эдгээрийн үр өгөөж байдаггүй гэдгийг шүүмжилж, төрийн өмч, хөрөнгийн санхүү мөнгөн хөрөнгийн менежментийг оновчтой хийж, компанийн засаглалын асуудлуудыг сайжруулах бодлогын алхам хийх шаардлагыг хэлж байв. Төсвийн тодотголын төсөл дахь алдагдлын хэмжээ өндөр байгаа бөгөөд дэлхий нийтээр нөхцөл байдал төстэй байгааг Сангийн сайд хүлээн зөвшөөрөв.
Төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой тогтоолын төслийг дагаж өргөн мэдүүлсэн гэлээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулахаас эхлэн олон өөрчлөлтийг хийх шаардлага зүй ёсоор байгааг хэлж байв. Цаашид хөрөнгийн биржээр хувьчлах, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр нэлээдгүй ажлуудыг ирэх жилүүдэд хийх ёстой гэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар төрийн өмчийг хувьчлах, өөрчлөх үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дэмжихгүй гээд буцаасан болохыг энэ үеэр хэлэх нь зүйтэй гэж Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Төрийн өмч, хөрөнгийг оновчтой ашиглаж үр ашиг гаргаснаар эдийн засгийг тэлэх гарц бий гэдэг дээр гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор “McKinsey” гэдэг компани судалгаа хийхэд 2021 онд дэлхий даяар нийт төсвийн алдагдал 11 их наяд ам.долларт хүрнэ, төсвийн орлого дунджаар 25 хувиар буурах төлөвтэй гэдэг таамаглал гаргасан байгаа.
Сангийн яамны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл нийцэж байгаа” гэлээ. Тэрбээр орлого бүрдүүлэх асуудалд анхаарч бусад орнуудын авч хэрэгжүүлж байгаа шиг архи, тамхины татварыг нэмэгдүүлэх саналыг гаргаж, зардал тал дээр төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж, богино хугацаанд эдийн засгийн ашигтай байх эсэхийг харгалздаг эсэхийг тодруулж хариулт авсан.
Б.Чойжилсүрэн гишүүн төсвийн алдагдлын хэмжээ хэт өндөр байгааг шүүмжилж, гадаад орчинд үзүүлэх нөлөөллөөс үүдэн өрийн дахин санхүүжилтэд ихээхэн хүнд нөхцөл үүсгэх эрсдлийг анхаарахыг хүслээ. Тэрбээр Ирээдүй өв сан болон Тогтворжуулалтын сан зэрэг мөнгөн хөрөнгүүдийг нийтээр зөвшилцөн татаж, төсвийн алдагдлыг нөхөж, улмаар алдагдлын хэмжээгээ 3.7 орчим их наяд төгрөг болгох боломж бий гэдэг саналыг хэлэв.
Алдагдлыг энэ хэмжээгээр бууруулах нь манай зээлжих зэрэглэлд ч нэмэртэй гэдэг санал хэлж байв. Одоо байгаа төсвийн алдагдлын хэмжээ нь Монгол Улс нэг жилд 1.7 тэрбум ам.долларын алдагдал үйлдвэрлэж байна гэдэг мэдээлэл болж хөрөнгө оруулагчдад очиж байгааг хэллээ.
Бид ирэх жилүүдийн бондын өрүүдийг төлөхдөө дахин санхүүжилт хийх бөгөөд зээлжих зэрэглэлдээ онцгой анхаарч, боломжоороо сайжруулахгүй бол хувийн хэвшилд сөрөг нөлөө үзүүлж, бизнесийн орчныг муутгаж, зээлийн өртөг болон дотоод руу гаднаас татах хөрөнгийн өртгийг нэмэгдүүлэх эрсдэл, эдгээрийн дам нөлөөллийг анхааруулж байлаа.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Ганбаатар, Ж.Батсуурь нар асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авсан. Дараа нь УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Ж.Батжаргал, Н.Ганибал нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 61 гишүүний 36 нь дэмжсэн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.