Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр сурвалжилга, мэдээ, нийтлэл бэлтгэн олон нийтэд түгээж байгаатай холбогдуулан доорх мэдээллийг хүргэж байна.
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн 1934008400158 дугаартай хэргийг 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны долоодугаар сарын 10-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгасан болно.
2020 оны долоодугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Т.У, Б.Ө нарын өмгөөлөгч Б.Баярмагнайн бичгээр гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-т зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт ирүүлснийг Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутад товлосон байна.
Шүүгдэгч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн 1934008400158 дугаартай хэргийн 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж, шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, 3 шинжээч нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан 3 шинжээч, насанд хүрээгүй гэрч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч нарт товыг мэдэгдсэн боловч 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон гэм буруугийн шүүх хуралдаанд 3 шинжээч, насанд хүрээгүй гэрч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрч Ц.Б нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд тус тус ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хойшлуулах үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн 1934008400158 дугаартай хэргийн шүүх хуралдааныг 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулав.
Хэргийг эргэн сануулбал: Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч Б.Ө, Т.У нар нь бүлэглэн 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Г-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм.
Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар