Өнөөдрийн байдлаар тарваган тахлын 13 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь онош батлагдсан байна. Батлагдсан тохиолдлуудаас Говь-Алтай аймагт 16 настай эрэгтэй, Ховд аймагт 42 настай эрэгтэй амиа алджээ.
Энэ талаар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах “Тарваган тахлын батлагдсан тохиолдлуудын 50 хувь нь нас барсан. Гэтэл зарим хариуцлагагүй иргэн тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх, хот суурин газар руу тээвэрлэх үйлдэл хийсээр байна. ЗӨСҮТ-өөс пүрэв гараг бүр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад тарваган тахлаас сэргийлэх сургалт зохион байгуулж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор нийслэл, хот суурин газрууд руу зорчих хүмүүсийн урсгал ихсэж байна. Хүн амын нягтрал ихсэж, хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр халдварт өвчний эрсдэл нэмэгддэг. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, тарваганы түүхий эд эрхтэн худалдан авахгүй, тээвэрлэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа жолооч нар ачаа, тээш авахдаа онцгой анхаарч шалгах шаардлагатай” гэв.
Л.Баяр