Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг 2017-2021 онд хэрэгжүүлж байна.
Хөдөлмөрийн зах зээл дэх боломжийг ажил хайгч болон бичил бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй хүргэх, Ковид-19 цар тахлаас үүдсэн хямралын үед зохих шалгуур хангасан ажиллагчдад түр хугацааны хөнгөлөлт үзүүлэхэд төслийн зорилго оршино.
Төсөл үйл ажиллагааны үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй бөгөөд хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх чадавхыг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, цаашид тогтвортой хадгалахыг дэмжих зорилго бүхий санхүүгийн болон санхүүгийн бус чадавх бэхжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Санхүүгийн дэмжлэгийг жижиг зээл хэлбэрээр олгох бөгөөд бичил бизнес эрхлэгчдэд 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг 24 сарын хугацаатай олгож байна.Түүнчлэн зээл авсан иргэдийг бизнесээ үр дүнтэй төлөвлөх, хөгжүүлэх, санхүүгийн бүртгэл, маркетинг, борлуулалтын чиглэлээр чадавх бэхжүүлэх сургалтад хамруулахын зэрэгцээ тодорхой хугацаанд бизнесийн үйл ажиллагаанд нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.
Жижиг зээлийг 2019 оноос Төрийн болон Хаан банкаар дамжуулан 21 аймгийн 700 гаруй бичил бизнес эрхлэгчдэд олгож, бизнесээ тогтвортой эрхэлж, өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Энэхүү арга хэмжээнд бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, шинээр бизнес эрхэлж буй иргэд, 34 хүртэлх насны залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулахыг зорьж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Моодун цамхаг, 8 давхар, 801 тоот
Утас: 76000071, 76000072, 76000073
И-мэйл хаяг: Info@mesp.mn
Цахим хуудас: https://www.facebook.com/Mongolia.Employment.Support.Project