НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өчигдөр /2020.08.19/ мэдээлэл хийсэн юм. Тэрбээр энэ үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлж буй бүх иргэн, ААН и-баримт апплейкшнаар НӨАТ олгох боломжтой болсон талаар хэлсэн. Тодруулбал ” НӨАТ-ын баримтыг олгодоггүй гэх асуудлыг шийдвэрлэх үүднээс хуулийн дагуу аж ахуй нэгжүүдэд сануулга өгч ажилладаг. Харин худалдан авагч талаас худлаа баримт өгч байна гэсэн гомдол их ирдэг бөгөөд 2019 онд 7700 гомдол хүлээж авсан. Энэ гомдлууд дээр дүн шинжилгээ хийж и-баримтаа цахимаар авдаг системийг бүрдүүлээд байна. Улсын хэмжээнд 383 худалдаа үйлчилгээний төвд 22 мянган татвар төлөгч бизнес эрхэлж байна.
Лангуу түрээслэн худалдаа хийж буй иргэд, аж ахуй нэгж цахимаар буюу ибаримт апплейкшинаар НӨАТ-ын баримт өгөх боломж бүрдлээ. Ингэснээр малчин, үсчин, лангуу түрээслэгч зэрэг бүх худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжүүд посын машин авах шаардлагагүй болж байгаа юм. Иргэн худалдан авалт хийх газрынхаа QR кодыг уншуулж, худалдагч үнийн дүнгээ баталгаажуулснаар тухайн иргэний и-баримт аппликшейнд автоматаар баримт бүртгэгдэх боломжтой боллоо” гэсэн юм.
Л.Баяр