УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Засгийн газар … Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өөрийн бүрэн эрх эхэлснээс хойш 60 хоногийн дотор … Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ…” гэж заасныг үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон МАН-ын мөрийн хөтөлбөрт тулгуурлан улс төрийн намууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналд үндэслэн тодорхойлсон болохыг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулгадаа дурдав.
Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө боловсруулахдаа халдварт цах тахлаас ард иргэдээ хамгаалж, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулахад илүүтэй анхаарал хандуулсан байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Корона вируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 6 бүлэг, 23 тэргүүлэх зорилт, 213 дэд зорилтоос бүрдэж байгаа юм байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэмжигдэхүйц бодитой төсөл хөтөлбөр, бодлогын шинж чанартай томоохон зорилтуудыг багтааж, эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг Засгийн газар баталж, салбарын яамдын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
- Дэлхий нийтийг хамарсан корона вируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх экспортод гарах бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж худалдааны түнш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж төсвийн орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллах зэрэг шаардлагууд тулгарч байгаа юм. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, гадаадад байгаа иргэдээ үе шаттай авах ажлыг эрчимжүүлнэ.
- Иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлэх хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ. Засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүл байж, Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор шийдвэрлэх тогтолцооны шинэчлэл хийнэ. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг оношлогоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулна. “Ясли” үндэсний тогтолцоог сэргээж, таван настай хүүхдийг сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангаж, боловсролын бүх шатанд сургалтын чанарыг дээшлүүлж, суралцагчдад ээлтэй сургалтын орчин бүрдүүлж, тусгай хэрэгцээт хүүхдийн ердийн болон цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг бодлогоор дэмжинэ. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нийгэм, эдийн засгийн хөгжилд өгч буй үр өгөөжийн шалгуур болгон санхүүждэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжиж, нэгдсэн, төрөлжсөн нээлттэй лабораторийг байгуулан, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
- Импортлогч улсаас экспортлогч улс болж, эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлнэ. Эдийн засгийн өрөөсгөл бүтэц, тогтворгүй өсөлтөө шийдвэрлэхийн тулд нэмүү өртөг шингээсэн уул уурхай, түүнийг холбосон дэд бүтцийн мега төслүүд, боловсруулах аж үйлдвэрийн салбар, үүн дотроо хүнд, хөнгөн, хүнс үйлдвэрлэл гэсэн гурван төрөлжилттэйгөөр хөдөө аж ахуйн салбарыг багтаасан, эрчим хүчний салбар тээвэр логистикийн салбар, төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, мэдлэгжсэн бүтээлч эдийн засгийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбараар зарлаж, төрөөс бодлогоор онцгойлон дэмжнэ. Энэ хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, зүүн бүсийн босоо болон хэвтээ чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэн үндэсний болон олон улс, бүс нутгийн сүлжээнд холбогдсон зам тээврийн дэд бүтцийг өргөжүүлж, томоохон орд газруудыг ашиглалтад оруулж, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах стратегийн төлөвлөлтүүд тусгагдсан болно. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, гол нэр төрлийн шатахууны хэрэгцээг “Евро-5” стандартад нийцүүлэн дотооддоо хангах нөхцөлийг 80 хувь бүрдүүлнэ. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлж Тавантолгой цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, Эрдэмбүрэнгийн УЦС-ыг шинээр барьж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
- Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, төрийн үйчилгээг шуурхай, хүнд сурталгүй иргэдэд хүрэх нөхцөлийг бүрдүүлэн “Цахим Монгол” хөтөлбөрийг бүх салбарт хэрэгжүүлнэ. Улс төр, бизнесийн эрх мэдлийг ангилж, хувь хүн бүлэгт үйлчилдэг биш хуульд захирагддаг төр засгийг төлөвшүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журмыг тогтоон хүнд суртлыг арилгаж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг чанд мөрдүүлнэ. Төр засгийн үйлчилгээг хүнээс хараат бус болгох зорилгоор цахим шилжилт хийж, ёс зүй өндөр иргэний нийгмийг төлөвшүүлэн “Цахим Монгол” хөтөлбөрийг бүх салбарт хуульчлан хэрэгжүүлнэ. Хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн, шударгаар ажиллаж буй мэргэшсэн төрийн албан хаагчдаа бүх талаар Монгол Улсын төр дэмжиж ажиллах зарчмыг барина. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бодлогын томоохон эрх зүйн шинэтгэл хийхээр тусгагдсан байгаа аж.
- Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулсныг 80 хүртэл хувь бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр тусгагдсан. Хөвсгөл нуурын эко системийн бохирдлыг эрсдлийн судалгаа хийж, нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ.
- Хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангаж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах бодлогыг хөдөөгийн хөгжилтэй холбон хэрэгжүүлнэ. Төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж, нийслэлийн дагуул хотуудыг байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлогыг хэрэгжүүлнэ. Хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг тусгасан эдийн засгийн жам ёсны хөгжлийн явцтай уялдуулах байдлаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ. Малчдын амьдралын чанарыг дээшлүүлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, худалдан борлуулах сүлжээг хөгжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилтыг тавина. Засгийн газар ирэх дөрвөн жилд улс орны эдийн засгийг өөд татаж, томоохон бүтээн байгуулалтуудаа үргэлжлүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлж, нийтийн амьжиргааг дээшлүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулсан.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Л.Оюун-Эрдэнэ сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлсэн эсэх асуултад Л.Оюун-Эрдэнэ сайд хариулт өгөхдөө “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэдэг том зарчмын өөрчлөлт орсон.
Үүнд нийцүүлэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу Монгол Улс урт хугацааны төлөвлөгөөг 30 жилээр, дунд хугацаанд 10 жилээр тодорхойлох юм. Үүнээс Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг 5 жилээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 4 жилээр, дээрх бүх хөтөлбөрүүдэд уялдуулах эрх зүйн орчин үүссэн” гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр хөтөлбөрийн төслийг холбогдох хууль, бодлогын баримт бичгүүдэд нийцүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Экспортыг далайцтай нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс далайд гарцтай болох шинэ боомтыг чөлөөт бүс, аялал жуулчлал, үйлдвэрлэл, техникийн парк зэргийг уялдуулан нээх асуудлыг Засгийн газар анхаарч, судалж буй эсэхийг, хилийн боомтуудтай холбоотой тодруулгыг Ж.Батжаргал гишүүн асууж, хариулт авсан.
Хөтөлбөрийн төсөлд дэд бүтэцтэй холбоотой асуудлыг гурван түвшинд ангилж үзэж байгаа бөгөөд нэг түвшинд нь хилийн боомтуудыг замтай холбох ТЭЗҮ-г боловсруулна гэж тусгагдсан гэлээ. ТЭЗҮ бэлэн болсон дарааллаар ажил гүйцэтгэгдэнэ. Энэ жил хилийн боомтууд дээр хамтарсан ажлын хэсгүүд ажиллан, үйл ажиллагааны ач холбогдлоор нь эрэмбэлэх, ТЭЗҮ боловсруулах ажлыг хийх бөгөөд төсвийн тодотголоор Барилга, хот байгуулалтын сайдын багцад зураг, төсвийн мөнгө хөрөнгийг тусгасан гэлээ.
Аялал жуулчлалыг байгалийн, түүхийн, соёлын, төрөлжсөн гэдэг дөрвөн ангиллаар авч үзэхээр тусгагдсан гэлээ. Улсын зэрэглэлтэй хотууд болон аймгийн төвийн статустай холбоотой асуудал хөтөлбөрийн төсөлд тусгагдсан эсэхийг Ж.Сүхбаатар гишүүн тодруулсан.
Ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой зорилт хөтөлбөрийн төсөлд тусгасан бөгөөд хувийн хэвшил, төр засаг дангаараа, олог улсын хөрөнгө оруулалтаар, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх 18 орчим томоохон төсөл бий. Эдийн засгийг эрчимжүүлэх эдгээр төслийг хэрэгжүүлснээр 31.000 орчим ажлын байр бий болно хэмээн тооцжээ. Эдгээр төслийг орлого олох дарааллаар нь эрэмбэлж, хэрэгжүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүд хэлж байсныг мөн дурдсан.
Авлигалыг бууруулах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд авлигал үүсэх суурь нөхцөлийг байхгүй болгож, зөвхөн дээд шатанд төдийгүй авлигал үүсэх нөхцөл болж буй төрийн анхан, дунд шат руу хандсан реформ хийхээр төлөвлөсөн гэв.
Тухайлбал, Засгийн газрын эхний 100 хоногт багтааж Монгол Улсын төрөөс үзүүлж буй бүх үйлчилгээг нэг цахим сайтад төвлөрүүлнэ, хоёр жилийн дотор бүрэн шилжиж, гурав дахь жилээс хувийн хэвшил буюу банк, санхүүгийн байгууллагыг нэг цонхонд төвлөрүүлэх ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр тусгасан гэлээ.
Дараа нь гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангаж, хүний эрх, эдийн засаг, бизнесийн орчныг дэмжсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг хийж, шударга ёс, хуульт ёсыг бэхжүүлэх “Хараат бус бие даасан шүүх, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн шинэтгэл” бүлэгт “Орон тооны гишүүдээс бүрдсэн Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах замаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлж, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн харъяанд шилжүүлнэ” гэдэг заалтыг онцолж, Үндсэн хууль болон бусад хуультай нийцэж буй эсэхийг хянах саналыг гаргав.
Корона вируст халдвар (КОВИД-19)-т цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогынхоо хүрээнд гадаадад байгаа иргэдээ авах асуудлаа онцгойлон тусгах, жижиг болон дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ цар тахлын үед тусгай бодлогоор дэмжих саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хэлж байв.
Н.Тогтохсүрэн гишүүн ард нийтийн амьжиргааг дээшлүүлэх, дундаж давхаргыг нэмэгдүүлэх цөм бодлогын хүрээнд ажлын байрыг хадгалах, эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол бүхий бизнесийг дэмжихэд илүү анхаарах шаардлага бий гэдгийг хэлж, тайлбар хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан хэд хэдэн чиглэлээр тодорхой санал гаргаж, ажлын хэсэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр хүний хөгжлийн бодлогыг чухалчлах, иргэдийг эрүүл, боловсролтой, ажил орлоготой, орон байртай болгосноор бүх нийтээр улс орны язгуур эрх ашгаа дээдлэх нөхцөл бүрдэх тул эрүүл мэнд, боловсролын салбарыг дорвитой хөгжүүлэх зорилт, арга хэмжээг тодорхой, нарийвчлалтай тусгах саналыг хэлж байсан.
Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд ажлын байрыг нэмэгдүүлэх тэргүүтэй тодорхой асуудлаар нэр зааж, зорилт болгон хөтөлбөрийн төсөлд тусгах, тэдгээрийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг нарийвчлалтай тусгах шаардлагын талаар хэлж, ажлын хэсэгтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудалд анхаарал хандуулах ёстойг хэлсэн.
Төсвийн тодотголтой холбоотойгоор үүсэх гадаад, дотоод эрсдлээ тооцон, эрсдлийг удирдах асуудлыг хөтөлбөрт тусгасан байх шаардлагын талаар дурдсан.
Түүнчлэн үр ашиггүй менежменттэй төсвийн хөрөнгө мөнгө, төрийн өмчит компаниудын хөрөнгийг оновчтой ашиглаж олон улсаас санхүүжилт босгох, төрд байгаа боломжуудаа бүрэн дайчлан үр ашиггүй төрийн өмчүүдийг үнэ цэнэтэй болгох, асар их хэмжээний алдагдалтай төрийн өмчит компаниудын асуудлыг анхаарах, ипотекийн зээлийн хүүг бууруулж, тогтолцоог шинэчлэхтэй холбоотой саналыг гаргасан юм. 3.2 сая хүний 2.8 сая нь давхардсан тоогоор ямар нэг хэлбэрийн халамж авч байгаа.
Халамж авдаг бус бүтээдэг эдийн засаг руу шилжих зайлшгүй шаардлага бий бөгөөд үүний хөшүүргийг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах нь зүйтэй гэлээ.
Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 9 нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.