УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох ЖДҮ-гийн хэргийг шүүх хурал үргэлжилж байна. Харин тэрбээр өөрийнхөө цахим хуудаснаа энэ талаар тайлбар оруулжээ.
Тэрбээр “Дамба-Очир гэдэг хүний хувийн компаниуд ямар ч ЖДҮ-ийн зээл аваагүй. Дээрээс нь миний ах дүүс ч бай, миний үр хүүхдүүд бай, надтай холбоотой хүмүүсийн компаниуд ч бай тэр Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг аваагүй гэдгийг би албан ёсоор мэдэгдэж хэлмээр байгаа юм. ЖДҮ гэдэг зээлийг бид нар аваагүй, би аваагүй гэж хэлмээр байна нэгдүгээрт. Хоёрдугаарт, бараг дөчин хэдэн гишүүн гэдэг билүү дээ албан тоот дэмжиж өгсөн байдаг юм. Өөрийнхөө тойргийн компаниудыг. Тийм бичиг бол би хийж өгсөн. Тэрийг нь дэмжээд өгсөн. Би бол УИХ-ын гишүүнийхээ хувьд тэрийг дэмжиж өгөх үүрэгтэй байдаг. Хуультай байдаг. Би тэрийг нь дэмжээд өгсөн. Тэгэнгүүт тэрийг нь юу гэж тайлбарлаж бичиж байна вэ гэхээр энэ хүн бол тэр зээл авахад нь нөлөөлж өгсөн гэж. Тэр компани бол надтай ямар ч холбоо байхгүй компани. Тэнд бид нарын эзэмшиж байгаа юм байхгүй. Энэ бол зөвхөн Эрдэнэтийн компани. Түүн дээр нь тухайн үед нь улс төр болоод У.Хүрэлсүхийн засгийн газрыг унагах унагахгүйн асуудал яригдаж эхлэнгүүт ЖДҮ гэдэг юм гарч ирсэн. Одоо ч гэсэн АН-ынхан орон даяар тэр ЖДҮ гэдэг юмыг баахан явуулах юм гэнэ лээ. Ингэснээр энэ нь хамгийн муухай болгож харуулах юм гэсэн. Тэгэхээр энэ дээр дахиад хэлье, тэр ЖДҮ гэдэг юмуу Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэдэг юмыг Дамба-Очир гишүүн аваагүй гэдгийг албан ёсоор хэлж байна” гэж бичжээ.
Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байх явцдаа ЖДҮ хөгжүүлэх дэмжих сангаас иргэн н.Мянганбаяртай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Бест коппер голд корпорешйн компанийн эзэмшлийн гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор н.Мянганбаярын хүү Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сафир стоун” компанийн нэрээр ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригт нөлөөлж, 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгагдаж байгаа юм.
Л.Баяр