Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор нийтийн тээвийн паркийг цахилгаан автобусаар шинэчлэхээр боллоо.
Үүнд зориулж 20.9 тэрбум төгрөгийг зээллэг хэлбэрээр бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв. Нийслэлийн зээллэгийг өрийн удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх зарчмын дагуу НИТХ-аар батлуулахыг даалгасан байна.
Дээрх хөрөнгөөр 10 ширхэг хоёр давхар автобус, 36 дан автобус, 15 цэнэглэх төхөөрөмж, цахилгааны дөрвөн дэд станц авах бөгөөд гаалийн болон НӨАТ багтжээ.
Санхүүжилтийн 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдэх 80 хувийг 6.6 жилийн хугацаатай, эхний долоон сар үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээлээр бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Нийтийн тээврийн 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын том оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг.
Монгол Улсад 12 жил болсон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531, 2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна.