Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэлийн аяны талаар мэдээлэл хийлээ.
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар дүүргүүд нийт 1356 арга хэмжээг хийхээр төлөвлөснөөс 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаар захирамжаар энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Өвөлжилтийн бэлтгэл хангах” нэг сарын аян зарлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зөв галлагааны заавар, зөвлөмжийг айл өрхүүдэд өгч ажиллахаар боллоо.