УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцуулав.
Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн талаар: Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 164 тайлан нэгтгэгдсэнээс 119 байгууллагад санал, дүгнэлт гаргаж, 41 байгууллагад аудитын түүвэрт хамрагдан, дөрвөн байгууллагад итгэл үзүүлжээ.
Санал, дүгнэлт гаргасан 119 байгууллагаас 103 байгууллагад зөрчилгүй, найман байгууллагад хязгаарлалттай, төсөл хөтөлбөрийн найман нэгжид аудит хийжээ. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 705.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 225.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 131.1 тэрбум төгрөгийн зөрчилд 36 албан шаардлага, 185.6 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 176 зөвлөмж өгсөн байна.
Түүнчлэн харьяа газруудад илэрсэн алдаа зөрчлийн талаар Ерөнхий Аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцуулав. Тэрээр “Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний долоон төсөл хөтөлбөр, нэгж, Татварын ерөнхий газрын харьяа Багахангай дүүргийн татварын хэлтсийн 2019 оны санхүүгийн тайланд хязгаарлалттай дүгнэлт өгчээ.
Харьяа байгууллагуудын санхүүгийн аудитаар нийт 161.4 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 105.9 тэрбум төгрөгийн 83 алдааг залруулж, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 36 албан шаардлага, 54.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 173 зөвлөмжийг өгсөн” гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн бөгөөд санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.