Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийж, ирэх дөрвөн жилд төлөвлөсөн хууль, эрх зүйн шинэтгэлийн ажлуудыг танилцууллаа. ХЗДХ-ийн яамнаас хууль, эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр 11 зорилтыг тусгаж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхээр 34 хуулийн төсөл, 1 хөтөлбөрийг боловсруулж, батлуулахаар тусгажээ.
Үүнд:
-Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалж, компанийн нээлттэй засаглалыг дэмжих хэрэгтэй. Томоохон кампаниуд төрийн өмчид байгаа учир “Алтан хувьцаа” буюу төрийн хувьцааг гаргаж, борлуулдаг болох хэрэгтэй.
– Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Оюуны өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулах бөгөөд тухайлбал, кино уран бүтээлчид кино театрт киногоо өгөөд борлуулалтын орлогын 30 хүрэхгүй хувийг авдаг бол IPTV-ээр гаргасан тохиолдолд хяналт тавих боломжгүй байдаг зэрэг гомдол ирдэг тул Оюуны өмчийн тухай хуулийг олон улсад нийцүүлнэ.
-Ломбардуудыг бүртгэлтэй болгож, өдрийн зээлийг хориглоно. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газар, зээл олгогч, иргэдэд зориулсан хуулийг батална.
-Аливаа асуудал, маргаан, хэргийг заавал шүүхээр шийдвэрлэхээс илүү тохиролцох байдлыг нэвтрүүлнэ.
-Цахим орчинд хийсэн гэрээг нотлох баримтад тооцдог болно. “КОВИД-19”-тэй холбогдуулан төрийн байгууллагууд албан бичгээ цахимаар солилцдог болсон.
-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг батална. Төр нь бизнесменүүдтэйгээ уралдаж, бизнес хийдэг байдлыг зогсооно. Үүнээс болоод төрийн компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэсэн яриа гараад байгаа юм. Тиймээс төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тухай хуулийн төсөл боловсруулна.
-Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бус бие даасан байдалтай болгоно. Мөн иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн хариуцлагатай болгоё. Захиргааны шүүх гэдэг бол төр болон иргэний хэргийг шийдвэрлэдэг учраас хараат бус байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд хариуцуулдаг болно.
-Хорихоос бусад төрлийн ялын хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулна. Тодруулбал, нийтэд тустай ажил хийлгэж, ял, хохирол барагдуулах бөгөөд ажил хийх боломжийг нь олгох юм.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Мэдээллийн илт тод байдал, ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчилнө.
-Шашинтай холбоотой зөв, буруу гаднын янз бүрийн урсгал орж ирэх байдлыг цэгцэлж, шашнаар дамжуулж, бизнес хийх, орлого олохгүй эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
-Төрийн бус байгууллагуудыг цэгцэлнэ.
-Нийтийн албан тушаалтантай холбоотой асуудлыг шүүх рүү явахаас өмнө урьдчилан сэргийлэх үе шатыг гаргаж, Хэвлэлийн зөвлөл шийдвэрлэдэг болгоно.
-Эрүүгийн хууль тогтооомжийг боловсронгуй болгох хүрээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлт, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, хууль бус ард нийтийн санал асуулга явуулах зэрэг зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцох зэрэг зохицуулалтыг тусгахаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөль оруулах тухай, зөрчилд тооцох үйлдлийг тодорхой хэмжээнд бууруулах, шийтгэл оногдуулах механизмыг боловсронгуй болгох үүднээс Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулна.
Л.Баяр