Энэ сарын 13-15-ны өдрүүдэд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт ажиллалаа. Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
Аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжсэн уг төслийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Төслийн хүрээнд ойгоо хэрхэн арчилж хамгаалахын зэрэгцээ, унанги модоор бүтээгдэхүүн хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх, байгалийн баялагийг ашиглах, боловсруулах, савлах технологиудыг эзэмших зэрэг олон зүйлд суралцснаа байгаль хамгаалагчид, нөхөрлөлүүд, нутгийн иргэд тайлагналаа. Уг төсөл нь 2015 оноос эхлэн Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл зэрэг таван аймгийн 27 сумдад 3,6 сая долларын санхүүжилтээр хэрэгжсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ: “Байгаль орчныг хамгаалаад зогсохгүй иргэн төвтэй экосистемийн тэнцвэрт байдлыг хангах цогц бодлогыг хэрэгжүүлж байгаагаараа НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ойг хамгаалах энэ төсөл маш чухал юм.
Дан ганц ой модоо хамгаалаад зогсохгүй байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, дэмжих, тэдэнтэй нягт хамтарч ажиллах нь чухал. Нөхөрлөлүүд, нутгийн иргэдийг аж ахуй эрхлэх, ой модоо хамгаалж арчлах, ойн хаягдал модоор бүтээгдэхүүн хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэх чадварт сургаж байгаад баяртай байна.” гэсэн юм.
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс мөн.
Түүнчлэн ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд нь цаашид үргэлжлүүлэн энэ чухал салбарыг дэмжин ажиллана.” гэдгээ илэрхийлсэн юм.
Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас: “Европын Холбоо Монгол дах төсөл хөтөлбөрөө эрчимтэй өргөжүүлж байгаа бөгөөд НҮБ-ын ХХААБ болон ЖиАяЗи байгууллагатай хамтран ойн шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна.
Энэ төслөөр дамжуулан мод, модон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих замаар залууст ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн нийт санхүүжилт 5 сая ам.доллар байна.” гэлээ.
НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-д гишүүнээр элсэн орсон байдаг. Түүнээс хойш хөдөө аж ахуй болон ойн хөгжлийн чиглэлээр олон ажлуудыг хийж байгаа бөгөөд 2007 оноос нөхөрлөлүүдийг дэмжих чиглэлд ажиллаж эхэлсэн.
Бидний хэрэгжүүлсэн нэг төсөл амжилттай дуусч байгаа энэ үед дахин нэг төслийн талаар мэдээллийг хүргэмээр байна. Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээр 6 сая еврогийн өртөгтэй төсөл зүүн гурван аймагт хэрэгжихээр болсон.
Энэ төсөл нь хуурай хээрийн бүс нутгийг хамгаалахад чиглэх болно. Бид үргэлжлүүлэн хамтран ажиллах болсондоо таатай байна” хэмээн ярилаа.
Ийнхүү 5 жил үргэлжилсэн ойг хамгаалах төслийн хүрээнд олон эерэг үр дүн гарсан. Тухайлбал, 460 мянган га газар бүхий ойн санг хамгаалдаг 54 нөхөрлөл биологийн олон янз байдлын хамгаалал болон нүүрстөрөгчийн хуримтлалын тооцолол бүхий 10 жилийн менежментийн төлөвлөгөөтэй боллоо.
Мөн 3800 гаруй гишүүнийг ойгоо хайрлан хамгаалах, арчлах, ойн хаягдалаар бүтээгдэхүүн хийж өрхийн орлогоо дээшлүүлэх зэргээр чадвахжуулсан юм. Ойг хамгаалах энэ удаагийн төсөл амжилттай хэрэгжсэн нь дахин Монгол орны ойн санг хамгаалах шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүд хаалгыг нээлээ.
Тухайлбал, НҮБ-ын 5 сая ам.доллар болон Европын холбооны 6 сая еврогийн буцалтгүй тусламжаар Монгол орны ойн санг хамгаалахаар боллоо.
Түүнчлэн төслийн хаалтын ажиллагааны үеэр нутгийн иргэд, нөхөрлөлийн гишүүд сурч мэдсэн зүйлсээрээ үзэсгэлэн гаргаж олонд дэлгэсэн юм. Жимс, хүнсний ногоо тариалах, үндэсний хувцас, гутал хийхээс гадна унанги мод ашиглан олон төрлийн бүтээгдэхүүн хийж худалдаалдаг болжээ.
БОАЖЯ