Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэл өнөөдрөөс эхэлнэ. Тодруулбал, шинээр элсэх тав болон бусад насны хүүхдүүдийн бүртгэлийг энэ сарын 17-21-ний өдрүүдэд нийслэлийн цэцэрлэгүүд дээр зохион байгуулна гэдгийг албаныхан мэдээлсэн.
Мөн өмнөх хичээлийн жилд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагааг наймдугаар сарын 24-28-нд зохион байгуулах юм.
Цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдалд хүүхдийн эрүүл мэнд, дархлааны байдлыг харгалзан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хоёр настай 77 мянга орчим хүүхэд гэр бүлийн орчинд хүмүүжих юм.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу таван настай хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ. Мөн өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-4 настай хүүхдүүдээ энэ жил цэцэрлэгт хамруулна.