Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.15/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 21 сая гаруй хүн өвчилж, 759 мянган хүн эндсэн байна. Харин 14 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Дөрөв хоногийн дотор нэг сая хүн коронавирусийн халдвар авч байна.
Дэлхийд 24 цагийн дотор 283 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн. Энэтхэгт 65 мянга, АНУ-д 52 мянга, Бразилд 50 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна. АНУ-ын өвчлөл үл ялиг буурах хандлагатай байна. .
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5065 гаруй хүн шинээр халдвар авч, 114 хүн энджээ. БНХАУ-д 70 тохиолдол шинээр бүртгэгдсэний 14 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.
Япон, Солонгос улсад халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа Японд 1358 гаруй хүн халдвар авч, есөн хүн эндсэн байна. БНСУ-д нэг өдөрт 166 гаруй хүн халдвар авсан нь дөрвөн сараас хойшхи хугацаанд хамгийн их тохиолдол бүртгэгдсэн өдөр болов.
БНХАУ-д бүтээж буй вакциныг хамгийн амжилттай яваа бүтээл гэж АНУ-ын анагаах ухааны сэтгүүлд өгүүлжээ.
АНУ-ын Халдвар, харшил судлалын төвийн захирал сүргийн дархлаа үүсгэх байдлаар хандвал олон хүний амь нас эрсдэх аюултайг анхааруулсан.
Дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүнээс халдвар авах тохиолдлууд гарч байна. Тиймээс үйлдвэр худалдааны газруудад халдвараас хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай нь харагдаж байна.
Манай улсад 3375 хүн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 67 хүн эмчлүүлж байгаагаас нэг нь эрчимт эмчилгээний тасагт байна. Биеийн байдал нь хүндэвтэр байгаа” гэсэн юм.