Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөв болон зургаагаас дээш хүүхэдтэй эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна.
Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.
“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10 мянга 677 ээж хүртэх юм. Үүнээс нэгдүгээр зэргийн одонг 720, хоёрдугаар зэргийн одонг 9957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 1021 ээж “Эхийн алдар” одонг гардаж байна.