КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, Гүүд Нэйборс болон Ногоон Ази ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газар санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд хамтран “Гэр хороолол дахь нэн ядуу эмзэг бүлгийн иргэд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах уулзалтыг 2020 оны 08 дугаар сарын 12-нд зохион байгууллаа. Уулзалтад Гүүд Нэйборс Монгол Олон улсын байгууллагын төлөөлөл, Нийслэлийн засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, 7 дүүргийн засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар, нийслэл дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтсийн дарга, хариуцсан албан хаагчид оролцон санал солилцсон.
Уг төслийн хүрээнд:
– Төсөлд хамрагдсан 7 дүүргийн гэр бүлд “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх
– Хорооны нийгмийн ажилтнуудад зориулан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх аргазүйн сургалт зохион байгуулах
– Төслийн зорилтот 7,000 бүлгийн өрх гэр бүлд хоол хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, хоол хүнсний шим тэжээллэг байдлын талаарх мэдээлэл хүргэх
– Төслийн зорилтот бүлгийн 49 эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах
– Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд 2,800 багц хувийн хамгаалах хэрэгслийн дэмжлэг үзүүлэх
– Төслийн зорилтот 7,000 өрх гэр бүлд эрүүл ахуйн бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, эрүүл ахуйн мэдээлэл бүхий сургалт хийх
– Төслийн зорилтот 1,000 өрх гэр бүлүүдийн эрүүл ахуйг дэмжих зорилгоор хувцас угаалгын үйлчилгээ үзүүлэх
– Төслийн зорилтот 2,100 өрх гэр бүлүүдийн гар угаах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор угаалтуураар хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар