Коронавирусийн нөлөөгөөр Монголд гэртээ теле хичээл үзсэн хүүхдүүдийн авч буй мэдлэг боловсрол танхимаар хичээл авснаас хүртээмж болон чанарын хувьд ямар зөрүүтэй байгааг НҮБ-ын Хүүхдийн Сан судалж байгааг бид өмнө нь мэдээлж байсан.
Монгол Улсын хэмжээнд цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган хүүхэд шинэ коронавирусээс шалтгаалж хөл хорионд орж теле хичээлд хамрагдсан. Үүнээс 640 мянга нь сургуулийн, 263 мянга орчим нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа юм.
Судалгааг 10 аймаг, гурван дүүргийг хамруулан хоёр сарын туршид явуулсан бөгөөд бөгөөд сурагч, эцэг эх, багш нар болон гол оролцогч талуудыг хамруулсан байна.
Хүртээмжтэй байдлын хувьд авч үзвэл судалгаанд хамрагдсан сурагчдын 16 орчим хувь нь теле хичээлийг хангалттай хэмжээнд үзэж судлах боломжгүй байсан байна. Ялангуяа малчин айлын хүүхдүүд, нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг бүлгийн хүүхдүүд, хичээлээс хоцорсон байсан сурагчид сурч боловсрох тал дээр хоцрогдох эрсдэл маш их байгаа нь ажиглагджээ.
Сурагчдын дунд теле хичээл үзэх хамгийн түгээмэл хэрэгсэл нь телевиз, гар утас байлаа. Тухайлбал, Улаанбаатар хотын сурагчдын 59 хувь нь гар утас ашиглаж байсан бол сумдад энэ үзүүлэлт 77 хувьд хүрчээ.
Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын 6 орчим хувь нь телевиз, компьютер, гар утасгүй байгаа нь эдгээр хүүхдүүд теле хичээлийг үзэж сурч чадахгүй байх магадлал өндөр байгааг харуулж байна.
Иймд боловсролын үйлчилгээ үзүүлэх өөр арга хэрэгсэл, тухайлбал сургалтын хэвлэмэл материал, интернэт холболт шаардахгүйгээр ажиллах боломжтой технологийн шийдлүүдийг судлах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Сурагчдын 57% нь теле хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг дунд болон муу гэж үнэлжээ.
Энэхүү үнэлгээ нь теле хичээлийн чанар танхимаар биечлэн заадаг хичээлийн чанартай харьцуулахад доогуур үзүүлэлттэй байгааг харуулж байна. Тухайлбал судалгаанд хамрагдсан сурагчдын 36.9 хувь нь телевизээр хичээл заадаг багш нарын чадвар өөрийн ангийнх нь багшийн чадварт хүрэхгүй байна гэж үзжээ.
Багш нарын илтгэх байдал, хичээл бүрийн зорилгыг танилцуулах байдал нь хамгийн эерэг үнэлгээ авсан боловч судалгаанаас үзэхэд сурагчдын хувьд мэдлэг эзэмших, түүнийгээ дадлагажуулах боломж хязгаарлагдмал байгаа нь харагдаж байна. Сурагчдын бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц дэмжлэг болохуйц интерактив, оролцоог хангасан онлайн сургалтын системийг бий болгох шаардлагатай байгааг судалгааны гол зөвлөмжид тусгажээ.
Сургуулийн өмнөх болон суурь боловсролын түвшинд нийцсэн цахим сургалтын портал бий болгох чиглэлээр БСШУСЯ-нд дэмжлэг үзүүлэхэд НҮБ-ын хамтарсан хүчин чармайлт чухал болохыг судалгааны үр дүн дахин нотолж байна. Энэхүү санаачилгын хүрээнд теле хичээлийн нэмэлт болгон, насны ангилалд тохирсон, интерактив сургалтын 104 сэдвийг 2020 оны 12-р сар гэхэд боловсруулж дуусах юм байна.
“Теле хичээлийн үр дүнгийн үнэлгээ” судалгааны үр дүнг 2020 оны долоодугаар сарын 9-ний өдөр БСШУСЯ болон хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд ТББ-уудын төлөөлөлд түгээсэн талаар НҮБ-ийн Хүүхдийн Сангаас мэдээллээ.