Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзаж, хоёр орны зам, тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтын эхэнд, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон эрх тэгш, харилцан итгэлцсэн түншлэлийг хөгжүүлж, хамтын ажиллагаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн тэрбээр Монгол Улсын зам, тээврийн салбарт хэрэгжүүлж буй шинэ төмөр зам, олон улсын шинэ нисэх буудал, дамжин өнгөрөх тээвэр, авто замын томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.
“УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨХК аль аль нь АНУ-ын зүтгүүрийг олон жилийн өмнөөс тээвэрлэлтдээ ашиглаж ирсэн бөгөөд энэхүү урт хугацааны хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэн цаашид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжүүлж байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төсөлд АНУ-ын зүтгүүрийг ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу тэдгээрийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийн асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Түүнчлэн хөдлөх бүрэлдэхүүний парк хэт олон төрөл байх нь ашиглалтын явцад хүндрэл үүсгэдэг болохыг тодотгоод энэ тал дээр мэдээлэл солилцон, хамтран ажиллахыг хүсчээ.
Цаашлаад АНУ-д тээврийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, авто замын засвар арчлалтын шинэ технологийг Монголд нутагшуулах, Монгол Улс, АНУ-ын хооронд үйлдэх шууд нислэгийг тогтмолжуулах, хуучин нисэх буудлыг зориулалтаар нь ашиглах, агаарын хөлгийн парк шинэчлэлт, хот төлөвлөлт, тээвэр зохион байгуулалт зэрэг зам, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески маш өргөн утга агуулгатай уулзалт болж байгааг онцгойлон дурдаад жилийн өмнө хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түвшинд хүрснийг зарлаж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг цохон тэмдэглэв.
Элчин сайд цар тахлын улмаас бүх зүйл удаашралтай байгаа ч “Мянганы сорилтын сан”-ийн хоёрдахь хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээлж, хамтын ажиллагааны хүрээнд олон төслүүд хэрэгжиж, санхүүжилтийн шинэ механизмууд бий болж байгааг онцлов.
Мөн тэрбээр төмөр замын чиглэлээр анхаарч ажиллахаа тодотгоод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ төмөр замын төслүүд нь том хэмжээний төслүүд учир тодорхой оролцоотой, хамтран ажиллах нөхцөл боломжийг судлан үзэхээ илэрхийлжээ.
Хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх талаар олон жилийн турш яригдаж ирсэн ч ажил хэрэг бололгүй өдийг хүрч, COVID-19 цар тахалтай холбоотойгоор АНУ дахь Монгол Улсын иргэдээ татан авах зорилгоор хоёр удаагийн шууд нислэгийг амжилттай гүйцэтгэсэн нь энэ ажлыг сайтар бэлтгэл хангасны үр дүнд ойрын хугацаанд тогтмол нислэг үйлдэх боломжтойг онцолсон байна.
Түүнчлэн хуучин нисэх буудлыг нисэхийн зориулалтаар нь ашиглахад хамтран ажиллах боломжийн талаар судлан үзэхээ илэрхийлэв.
Мөн хоёр орны зам, тээврийн салбарын харилцааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбарын боловсон хүчний нөөц, чадвар чухал үүрэгтэйг дурдаад АНУ-ын их, дээд сургуулиудад салбарын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, тэтгэлэг олгох талаар урт хугацааны бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, Монгол Улс, АНУ-ын эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлж, төслүүдийг илүү өргөн утга агуулгаар хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ.