Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн билээ.
Энэ дагуу:
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14
- Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулахаар болсон.
Нэг ангид 20 хүүхдээс ихгүйгээр танхимын сургалтыг хэрхэн хийх талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
Тэрээр “ЕБС-иуд гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээл үзэх тал дээр иргэд эргэлзэж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал өмнө нь 40 сурагчтай 11-р ангийн хүүхдүүд өглөө 08:00 цагаас эхлэн 7 цагийн хичээлээ судлаад 13:30 цагт тардаг байсан. Одоо шинэ зохицуулалтаар тухайн 40 хүүхэдтэй хоёр дэд бүлэг болж хуваагдана.
Эхний бүлэг нь 08:00-10:30, дараагийн бүлэн 11:00-13:30 хүртэл хичээллэнэ гэсэн үг. Ийм л зохицуулалтыг хийх юм. Ялангуяа нийслэлийн сургуулийн ачаалал өндөр ба 70-аас дээш сурагчтай 15 бүлэг, 60-аас дээш сурагчтай 95 бүлэг байна.
Эдгээрийг гурван бүлэгт хувааж өдрийн зохицуулалт хийхээс өөр аргагүй болж байгаа юм. Эхний хоёр бүлэг даваа гарагт хичээллэсэн бол дараагийн бүлэг нь мягмар гарагт хичээллэх гэх мэтээр долоон хоногийн гурван өдрийг танхимын сургалт хийх зохицуулалттайгаар шийдвэрлэсэн” гэлээ.
Үүнтэй холбоотойгоор хичээлийн цаг, өдөр, тоо тус бүрт зохицуулалт хийжээ. Батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу жишээ нь математикийн хичээл өмнө нь долоо хоногт 5 цагаар судлагддаг байсан бол одоо 2-3 цаг судлах байдлаар хөтөлбөрт өөрчлөлт оруулсан.
Боловсролын хүрээлэнгээс арга зүйн зөвлөмжийн хамт хичээлүүдийн гол тулгуур агуулгуудыг боловсруулан гаргажээ. Өөрөөр хэлбэл хичээлүүдийн аль агуулгыг танхимын сургалтдаа багтааж, алийг нь теле хичээл буюу зайны сургалтын агуулгадаа багтаах арга зүйг нь боловсруулжээ.
GoGo.MN