Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүсэв.
Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байгаад Элчин сайд баяр хүргэж, АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал, санаачлагын талаар танилцуулж, хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлжээ.
Талууд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь Компакт гэрээ, Америкийн хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар хэрэгжиж буй сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.