Герман улсын Холбооны Батлан хамгаалах яамнаас манай улсын БХЯ-нд коронавирусний цар тахалтай тэмцэх, мөн зэвсэгт хүчний эрүүл мэндийн үйл ажиллагаанд дэмжлэг болгож, 20 ширхэг зөөврийн амьсгалын аппаратыг буцалтгүй тусламжаар олгож байна.
Эдгээр аппаратыг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенбер өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзах үеэр гардуулж өглөө.
Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улс ХБНГУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа идэвхжиж, өндөр түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт тогтмолжиж, энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцох, цэргийн сургалт бэлтгэл, уулын явган цэргийн хамтын ажиллагаа, цэргийн эмнэлэг зэрэг чиглэлээр өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлов.
Мөн дэлхий дахинд нүүрлэсэн шинэ төрлийн коронавирусний цар тахлын үед ХБНГУ-ын Засгийн газар, Холбооны Батлан хамгаалах яамны зүгээс БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт 1 сая еврогийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулах ажилд ихээхэн хувь нэмэр болсон хэмээн Монгол Улсын Засгийн газар, БХЯ-ны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв.
Элчин сайд Ёорн Розенберг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт сайдаар томилогдсонд баяр хүргээд, салбараа сайн мэддэг, мэргэжлийн сайд томилогдсон нь хоёр талын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.