Хүүхэд байхдаа киноны баатрыг дууриаж, тэдний үг хэл, үйл хөдлөлийг дагах нь бишгүй олон. Гэвч хүүхдийн сонирхол амархан буурч, үлгэр дууриалаа дагахаа больдог. Тэгвэл Японы Нара хотод амьдардаг Рюсей Имай хүү огт өөр.
Хоншю арлын энэ хүү хоёр настайгаа Брюс Лигийн кинонуудыг үзсэнээс хойш шүтээнээ байнга даган дууриах болжээ. Тэр цагаас хойш 8 жилийн дараа хүүг Япон даяар мэддэг болж, дэлхийн олон орны тулааны урлагийнхан түүнийг шүтэн дэмждэг болжээ.
Рюсей Имай хүү агуу Брюс Лиг анх зурагтынхаа өмнө дууриахад эцэг эх нь дооглодог байжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа энэ нь хүүхэд насны түр зуурын шохоорхол биш болох нь илэрч, дөрвөн настайдаа улам төгс болж иржээ. Хүү гар, хөлөөрөө мундаг цохилт хийж, үсэрч, суниаж, гэдэсний таталт хийж, өдөр өдрөөр сайжирсаар байв.
Хэдэн жилийн дараа Брюс Лигийн фанатыг телевизийнхэн сонирхож, Рюсей хэд хэдэн нэвтрүүлэгт оржээ. Тухайн үед хүү алдарт жүжигчний жижгэрүүлсэн хувилбар болохоо утгаар нь харуулж чадсан юм. Гарынхаа эрхий хуруун дээр суниаж, үсрэлтэй цохилтыг хөлөө амжилттай гүйцэтгэж, бие хаа нь булчинлаг гэдгээ харуулжээ.
“Би нэг настайгаасаа түүний киног үзээд, түүнтэй адилхан болохыг хичээсэн. Анхандаа зөндөө алдаа гаргаж байсан ч цаашид би алдаагаа давтахгүй ээ. Заримдаа би хэтэрхий хурдан, заримдаа хэтэрхий удаан болчихдог. Гэхдээ л улам сайжирсаар байна. Одоо би түүний киноны хөдөлгөөнүүдийг яг таг дууриаж, бараг л адилхан хурдтай хийж чадна” хэмээн хүү хэлжээ.
Сонирхолтой нь хүү өдөр тутмын дасгал сургуулилтаасаа болоод хичээлээ тасалдуулаагүй, онц сурдаг гэнэ. Ангийнхантай ч эвтэй найртай байдаг. Тулааны урлагийн гол философи болсон бусдыг зодож дээрэлхэхийг үзэн яддаг.
Рюсей хүү хичээлдээ явахаасаа өмнө өглөө эртлэн босож, сунгалт, хүчний дасгалаа заавал хийдэг байна. Харин орой нь цохилт, үсрэлт, хүчний болон шаламгай, тэсвэр тэвчээртэй байдлын сургуулилт хийдэг. Өдөрт дор хаяж 2-3 цаг хичээллэдэг гэнэ.
Рюсей Имай хүүгийн эцэг эх нь хүүгээрээ маш их бахархдаг бөгөөд Инстаграмд хүүдээ зориулан аккаунт хүртэл нээжээ.