Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн бүртгэлийг энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлж, Монгол Улсын Онцгой комисс, ГХЯ, “МИАТ” ХК-тай хамтран зургаан удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1569 иргэнээ нутаг буцаагаад байна.
Иргэд тус ЭСЯ-нд үргэлжлүүлэн шинээр бүртгүүлж буйн зэрэгцээ нэгэнт бүртгүүлсэн иргэдээс нутаг буцахааргүй болсон тухайгаа тус ЭСЯ-наас холбогдоход мэдэгдэх тохиолдлууд цөөнгүй гарч байна. Жагсаалтыг тухай бүр дахин шинэчлэхэд тодорхой хугацаа шаардагдаж буй тул нутаг буцах төлөвлөгөөгөө өөрчилж, нутаг буцахааргүй болсон иргэдийн зүгээс энэ тухайгаа тус ЭСЯ-ны Консулын хэлтэст аль болохуйц шуурхай мэдэгдэж, иргэд саадгүй буцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье.
Жич: Тус ЭСЯ нь энэ оны наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт хүргүүлэхээр ажиллаж байна.