Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Дэлхийн зарим улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүүхдийн товлолын дархлаажуулалт тасалдаж байна. Манай улс энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Дэлхий нийт гуравдугаар сараас эхлээд COVID-19 цар тахалтай эрчимтэй тэмцэж байна. Цар тахлын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулж болохгүй гэдгийг улс, орнуудад ДЭМБ-аас зөвлөж буй. Гэхдээ үер ус, гамшигтай холбоотойгоор Африк болон Европын зарим улсад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ доголдсон. Мөн дэлхийн 100 гаруй оронд 11 сая хүүхэд товлолын дархлаажуулалтаас хоцорч байна гэх мэдээлэл бий. Харин манай улсын хувьд эмнэлгийн бусад тусламж үйлчилгээний хэвийн байдалд эртнээс анхаарч ажилласан. Ялангуяа, хүүхдийн дархлаажуулалтыг тасалдуулахгүйн тулд НҮБ-ын Хүүхдийн сангаас захиалсан бүх вакцинаа тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа.
– Манай улс аль улсаас, хэчнээн тун вакцин худалдан авах бол. Энэ талаар төлөвлөсөн зүйл бий болов уу?
COVID-19 халдварын эсрэг вакцин гаргаж авахаар дэлхийн олон оронд судалж байгаа. Зарим нь вакцины сүүлийн буюу гуравдугаар шатны эмнэл зүйн туршилтаа эхлүүлсэн. Өчигдөр ОХУ вакцинаа өөрийн орондоо бүртгэсэн мэдээлэл бий. Манай улсын хувьд, ДЭМБ-ын гэрчилгээ, баталгаатай вакциныг товлолын дархлаажуулалтдаа хэрэглэдэг.