Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт энэ оны 10 дугаар сарын 15-нд болно. Үүнтэй холбогдуулан хуульд заасны дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас эхлэн түр хугацаанд зогсооно.
Тодруулбал,
энэ оны нэгдүгээр сарын 30-нд баталсан Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.1-д шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зохицуулсан. Тухайлбал, энд иргэн нэг засаг захиргааны нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгуулийн санал авахаас 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээхээр заасан.
Энэ дагуу 8 дугаар сарын 16-нд шилжилт хөдөлгөөний бүртгэл зогсох юм. Харин 10 дугаар сарын 16-наас хэвийн явагдана.
Иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэх бол ажлын 5 хоногт багтаан бичиг баримтаа бүрдүүлж, шилжин очих газартаа өөрийн биеэр очих шаардлагатайг албаныхан санууллаа.
Л.Баяр