УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлнэ.
Энэхүү шүүх хурал долдугаар сарын 30-нд товлогдсон байсан ч өмгөөлөгч болон хэрэгт холбогдогч өөрөө ирээгүй тул өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Уг шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсний дагуу албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь “Сафир стоун” компанидаа ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн байдаг.