Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тэр дундаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх болон хялбаршуулахдаа тэнцвэрийг маш сайн барих хэрэгтэй. Хэтэрхий нарийвчилбал алдаа гаргах эрсдэлтэй. Хүүхдийн мөнгийг зөвхөн монголд төдийгүй бусад оронд эв санааны зарчмаар олгож байна. Бид хүүхэд хамгааллын үйлчилгээ болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч, төсөв санхүүг нэмэх чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй” гэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Ковид-19 цар тахлын улмаас эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн тоо өссөн нь зөвхөн монголд төдийгүй дэлхий нийтэд ажиглагдаж байгааг дурдаад халамжийн үйлчилгээг илүү эмзэг бүлэгт чиглүүлж ажиллахаа илэрхийллээ.
Мөн энэ оны 9-р сарын 9-нд НҮБ-ын Хүүхдийн сангийн төв байгууллага “Хүүхдийн тэтгэмжийг эв санааны нэгдлийн зарчмаар олгох нь” сэдэвт тайлангийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах аж. Уг тайланд Монгол Улс нь жишиг орнуудын нэг хэмээн тодорхойлогдож байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг илтгэгчээр оролцохыг урилаа.
Алекс Хайкенс, Хүүхдийн сангийн олон улсын вэб сайт дээр сар бүр сайн үлгэр жишээ болгож, Монгол Улсын талаарх видео мэдээ цацагдаж байгааг онцлов. Энэ нь Монгол Улсыг дэлхийн нийтийн анхааралд оруулахад томоохон хувь нэмэртэйг тэрээр онцоллоо.
Эх сурвалж: ХНХЯ