Хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас улсын хэмжээнд “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ байгуулсан хувийн хэвшлийн 167 эмнэлэг болон алслагдсан сумдын 18 эмнэлэг хүүхдүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.
Дээрх хөтөлбөр нь нийт 725 мянган хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх зорилготой төдийгүй одоогоор 02-12 насны 129 мянга 400 гаруй хүүхэд хамрагджээ.
Өнгөрсөн жил “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт нийт 93 мянган хүүхэд хамрагдсан бөгөөд энэ ажилд 6.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ жилийн хувьд 10 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Ташрамд дурдахад, хүүхдийн шүдний цооролт нь чих, хамар, хоолой болон эрүү, нүүрний үрэвсэл өвчний шалтгаан болдог. Түүнчлэн хүүхдийг суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэдэг байна.