Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан гэрээний дагуу 2 дахь удаагийн цаг агаарт зориудаар нөлөөлөх нэгдсэн үйл ажиллагааг 2020 оны долоодугаар сарын 31-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллалаа. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 7 аймгийн нийт 12 экспедицүүд ажилласан. Монгол орны ихэнхи нутагт зуншлага хэвийн байгаа боловч говийн аймгуудын нутаг, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын зарим нутгаар гантай буюу гандуу байна. Гантай, гандуу байгаа газруудаар 10 экспедиц ажилласан.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Төв аймгийн нийт сумдаар 4-35мм, ургамлын гарц муу байгаа сумдаар 4-12мм, Эрдэнэсант 14, Дэлгэрхаан 12.7, Бүрэн 5мм бороо орлоо. Дундговь аймгийн нутгаар 1-8мм, нутгийн хойд тал арай ахиу орсон. Говь-Угтаал 8, Адаацаг болон Эрдэнэдалай 6, Мандалговь 6.4мм орлоо. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 0.8-55мм, хамгийн бага Зэлтэр 0.8, бусад нутгаар 15мм-ээс дээш орлоо. Ургац муу байсан Сэлэнгэ аймгийн тариалангийн газруудаар ахиу бороо орж, тариамал ургамлын ургац сэргэсэн. Баянхонгор аймгийн 7 сумдад 7-16 мм хур тунадас орсон. Өвөрхангай аймгийн 12 сумдын нутагт 1-11мм, хамгийн их нь Баруунхайрхан 11, Бүрд 10 мм тунадас орлоо.
Цаашид говийн хэдэн аймгийн нутагт зуншлага тааламжтай биш байгаа тул хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг чиглүүлэн цаг агаарын тааламжтай нөхцөлийг алдахгүй ажилуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар