УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) ээлжит XVII хуралдааныг зарлаж, өчигдөр буюу 2020 оны наймдугаар сарын 3-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдлаа. Хуралдаанд ҮБХ-ны 200 гаруй гишүүн оролцсон бөгөөд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа танхимын хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байв.
Тус хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн, Дотоод сонгуулийн хорооны шийдвэр, Ардчилсан намын Их хурлын тов зэрэг асуудлуудыг ҮБХ-ны гишүүд хэлэлцсэн.
Үндсэн дүрмээр ҮБХ нь Ардчилсан намын их хурлыг товлох ёстой бөгөөд “Ковид-19” болон удахгүй болох Орон нутгийн сонгууль зэрэг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Ардчилсан намын даргыг сонгох сунгааг Орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулах,
- ҮБХ-ны гишүүдийн ротаци буюу нөхөн сонгуулийг Орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор зохион байгуулах,
- Ардчилсан намын Их хурлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр товлон хуралдуулах,
- Одоогийн мөрдөгдөж буй Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж ҮБХ-ны нийт гишүүд үзэж, нэмэлт өөрчлөлтийн шинэ төсөл боловсруулах болон бусад ажлын хэсгүүдийг байгуулахаар тус тус шийдвэрлэлээ.