Говийн өнгөт чулууг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн зөрчил гарчээ.
Тодруулбал, Өлзийт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор долдугаар сарын 28-ны өдөр иргэн O нь зохих зөвшөөрлийн бичиг баримтгүй 50 килограмм говийн өнгөт чулуу тээвэрлэн явж байсан зөрчлийг илрүүлжээ.
Одоогоор Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж НМХГ-аас мэдээллээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт:
“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” хэмээн заасан байдаг.
Дээрх хуулийг зөрчсөн тохиолдолд, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 7-д зааснаар:
Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд хуулиар тогтоосон журам зөрчиж байгалийн үнэт, эсхүл өнгөт чулууг олборлосон, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн,хадгалсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 сая төгрөгөөр торгох зохицуулалттай.