Нэг танилын минь гурван настай хүүхдэд байсхийгээд л хатиг гардаг байв. Учрыг тодруултал, арьс салстаар нь бараг 10 гаруй гарчээ. Эмнэлэгт хандахаар “хагалуул” гэхээс өөр арга хэмжээ авдаггүй аж. Аргаа бараад эмч нарын зөвлөснөөр хүүхдээ дөрвөн ч удаа хагалгаанд оруулж, идээг нь шахуулсан гэнэ. 16 хүртэлх насны хүүхдэд хагалгаа, жижиг мэс ажилбар хийсэн ч бүтэн унтуулах заалттай байдаг учраас тийнхүү хатигийг нь шахах бүрт “нойрсуулжээ”. Гурван настай хүүхдэдээ мэдээгүйжүүлэх тариа дөрвөн удаа хийлгэнэ гэдэг эцэг, эхчүүдийн хувьд тэсвэрлэхэд бэрх. Анагаах ухааны үндэслэлээр ч энэ нь асар хортой тул дараа дараагийн хатигийг нь эцэг, эх нь өөрсдөө “эмчилснээ” нуугаагүй. Гайхмаар нь, шинжилгээ хийлгэсэн ч ямар нэгэн нян, вирус илрээгүй, юунаас шалтгаалсныг нь мэдэж чадаагүй байна.
…Энэ нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагуудын хүрэлцээ муу, нэг ангид стандартаас давсан тооны хүүхэд хичээллэдэг, агааржуулалт бараг байхгүй, хоол, хүнснийх нь чанар муу зэрэгтэй нэг талаар холбоотой. Мөн тоосжилт, утааны улирал ч нөлөөлдөг…
Энэ талаар судалтал, хүүхэд, насанд хүрэгчид ч хатиг, түүнтэй төстэй идээт үрэвслээр өвчлөх нь элбэг болжээ. Нэг гэр бүлийн гурван хүн хатигинд баригдсан жишээ ч байна. Монголчууд энэ муухай ярыг нэг гарвал долоо дахидаг талаар ярьдаг. Тэгвэл орчин цагт хатиг, буглаа, идээт гүвдрүү нэг бус, хоёр, гурваараа зэрэг гарч, салахаа больсон гэх. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч, дэслэгч Б.Өсөхбаяр “Хатиг, мундас (олон тооны үсний хүүдий хамрах) зэрэг арьсан дээр болон дор нь гардаг идээт үрэвсэл иргэдийн дунд их байна. Амбулаториор өдөрт 40 хүн үйлчлүүлэхэд 10-15 нь ийм шалтгаантай байх жишээтэй. Хатиг, буглааг эмчлэхийн тулд эхлээд тухайн яр, шархнаас бактериологийн шинжилгээ авч, ямар нянгаар үүсгэгдсэнийг нь тодруулан, мэс ажилбар хийх, эсэхийг шийднэ. Ихэвчлэн хагалгаа хийж, идээг нь шахсаны дараа тухайн үүсгэгчийн эсрэг тохирсон антибиотик уулгах, шарлага буюу физик эмчилгээтэй хослуулах нь үр дүнтэй. Халууны улиралд иргэд голдуу шавж, шумуулд хазуулсан шархаа маажиж, бохир оруулснаар идээлж, үрэвсэх нь нэмэгддэг. Тиймээс арьс салстаа аль болох гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй. Хатиг, буглаа нь ахуйн замаар болон цусаар дамжин халдварладаг” гэсэн юм.
Хүний биед маш олон тооны үсний хүүдий байдаг. Хатиг, яр үүсгэгч нян энэхүү үсний хүүдийн хөлс, тосны булчирхайд үржин, идээлдэг байна. Ихэвчлэн арьсны гадаргуу, хамар, чих, залгиурт “үүрээ” засдаг гэнэ. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд хатиг, түүнтэй төстэй идээт яр их гарах болсныг эмч нар анхаарууллаа. Одоогоос 10-аад жилийн өмнө багачуудын дунд арьсны идээт үрэвсэл харьцангуй бага байсныг ч тэд хэлсэн. Тухайлбал, 2009 онд ЭХЭМҮТ-д гэхэд 300 орчим хүүхэд хатигтай төстэй яр, шархны улмаас хандаж байж. Нийслэлийн хүн ам өсөх хэрээр агаар, хөрсний бохирдол тартагтаа тулж, ялангуяа хүүхдүүд төрөл бүрийн өвчинд өртөх нь нэмэгджээ.
Хатиг, ярыг бохироос үүсдэг, нянгийн халдвар гэх нь бий. Тэгвэл боломжийн амьдралтай, цэвэрч айлын хүүхдүүд ч хатигинд баригдаж байгааг ахуйн бохирдолтой холбон тайлбарлах аргагүй. Иргэн М-ийн хүүхдэд саяхан тодорхой давтамжтайгаар идээт гүвдрүү гарчээ. Ээж нь хатиг гэж “оношлон”, идээг нь шахаж байгаад цусанд нь бохир оруулах шахсан гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд энэ мэтчилэн уг өвчнийг дур мэдэн “эмчилж”, идээг нь шахаж, оролдох, өндөр тунтай антибиотик ууж, мөөгөнцөртөх, хүүхэд нь шархаа тэвчихгүй, арьсаа гэмттэл маажсан зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандах нь элбэг аж. Иргэн У “Хатигийг бүрэн эмчилнэ гэж байдаг юм уу. Хүүхдэд минь л гэхэд олон удаа гарсан. Хэсэг гайгүй байснаа юунаас болсон нь мэдэгдэхгүй дахидаг. Эмнэлэгт хандахаар хагална л гэнэ. Зарим эцэг, эх эмнэлэгт очих дэмий, идээг нь шахах нэрийдлээр арьсыг нь том хэмжээтэй нээж, сорви үлдээдэг. Дахих нь элбэг гэлцдэг. Ер нь уламжлалт арга нь дээр юм шиг санагдсан” гэж ярилаа.
Хүүхдийн их эмч Г.Батжаргал “Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаториор хатиг, түүнтэй төстэй идээт үрэвслээр өвчилсөн хүүхэд олон байна. Түүний дунд MRSA нянгаар халдварласан нь түлхүү. Уг нянг эрдэмтэд 1961 онд нээсэн байдаг. Энгийнээр тайлбарлавал, метициллин, амоксициллин, пенициллин, оксациллин болон бусад антибиотикт тэсвэртэйг нь MRSA гэж ойлгож болно. Түүнээс биш шинээр дэгдсэн халдвар бус юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа хавар, намрын цагт бактерийн гаралтай идээт үрэвсэл, буглаа хүүхдүүдэд оношлогдож байна. Сургууль, цэцэрлэг цугласан үеэр ийм нянгийн халдвар бүр ч нэмэгддэг. Энэ нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагуудын хүрэлцээ муу, нэг ангид стандартаас давсан тооны хүүхэд хичээллэдэг, агааржуулалт бараг байхгүй, хоол, хүнснийх нь чанар муу зэрэгтэй нэг талаар холбоотой. Мөн тоосжилт, утааны улирал ч нөлөөлдөг” гэв.
MRSA нянг хатигаас ялгах онцын шинж тэмдэггүй аж. Тиймээс хүүхдэд ямар нэгэн идээт үрэвсэл гарах, арьс салст нь шархалбал мэргэжлийн эмчид заавал хандах хэрэгтэйг Г.Батжаргал эмч зөвлөсөн. Харамсалтай нь, манайхан эмнэлэгт очихоосоо илүү ам дамжсан ярианд итгэх, эсвэл фэйсбүүк дэх хуудсуудын гишүүдээс “зөвлөгөө” авч, янз бүрийн эм, тосон түрхлэг дур мэдэн хэрэглэн, өвчнийг улам даамжруулдаг гэнэ. Тэгэхийн оронд эхлээд антибиотикт мэдрэг эм өгөхийг чухалчлаарай. Учир нь тухайн өвчинд ямар эм тохирохыг шинжлэхэд энэ нь тус болдог байна. MRSA гэхэд дээр өгүүлсэнчлэн олон антибиотикт тэсвэртэй учраас мэдрэг чанарыг нь заавал шинжлүүлэх шаардлагатай. “Өмхий ногоон” зэрэг тос, бусад аргыг хэрэглэж болохгүйг эмч нар дахин сануулав. Уг халдварын үед арьсанд буглаа, идээт гүвдрүү нэг, хоёроор, эсвэл нэгэн зэрэг олон гардаг гэнэ. Ингэснээр тухайн хэсгийн арьс хавдаж, улайдаг бол залгиур орчимд гарсан тохиолдолд халуурдаг аж.
Хатиг, идээт яранд хүүхдүүд голдуу өртдөг шалтгаан нь арьс салст нь эмзэг, дархлааны систем нь бүрэн хөгжөөгүйтэй холбоотой. Тодруулбал, хүүхдэд тавих анхаарал, халамж суларч, асаргаа, сувилгаа муудах төдийд дархлаа нь “унадаг” аж. Наад зах нь хүүхдийг тогтмол усанд оруулж, хөлөргөхгүй байж, арьс салстыг нь гэмтээхээс сэргийлээрэй. Түүнчлэн хатиг, буглаагаар өвчилсөн хүнтэй шүргэлцэх, нэг өрөөнд хамт байхад хүртэл халдварладаг тул ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм чанд мөрдөх шаардлагатай. Нэг гэр бүлийн хүмүүс хатиг, буглаагаар өвчлөөд байгаа нь биенээсээ дахин халдварлаж буйтай холбоотой гэсэн үг. Тэрнээс бус хатиг нэг, эсвэл долоо дахидаг гэдэг нь аман яриа төдий гэдгийг эмч нар хэлсэн. Бүрэн эмчлүүлж, дэглэм мөрдөхгүй бол хатиг, яр нь үжил, уушгины хатгалгаа, зүрх, яс, үений идээт үрэвсэл болон хүндэрч, цаашлаад аминд ч аюултай.
Дээр хэлсэнчлэн хүүхдийн дархлааг дэмжиж, чанартай хоол хүнсээр тордох, агаарт гаргах, нас насанд нь тохирсон цагаар унтуулж, амрааж хэвшихийг мэргэжлийнхэн зөвлөж байна. Учир нь тогтсон цагт унтаж амрах нь дархлаа дэмжих дааврыг ялгаруулахад тустай. Түүнчлэн эмнэлэгт хэвтэхэд энэ төрлийн халдвар авах эрсдэл өндөр тул иргэд гарын ариун цэврийг сахих, арьс салст нь ямар нэг хэмжээгээр зүсэгдэж, урагдсан бол шархыг ил байлгалгүй, ариун самбайгаар боох хэрэгтэй аж.
1 comment
bohir bakteriin yysvertei…