Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсад барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар ярилцаж, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар асуудал тулгамдаж байгаа болон газрын тосны салбарт цаашид хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо.
Манай улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр жилд 1.5 сая тн дотоодын түүхий тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Уг үйлдвэр ашиглалтад орсноор импортоос 100 хувь хараат байдаг манай улс газрын тосны бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, нефьт-химийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх эх суурь тавигдах юм.