Дэлхийн хэмжээнд хэдэн сая хүн коронавируст халдвар авч олон эмнэлгүүд, эрүүл мэндийн газрууд амьсгалын аппаратны хангамжийн дутагдалтай байсаар байна. Дээр нь өдөр бүр эмнэлэгт ирэх шинэ өвчтнүүдийн урсгал тасрахгүй, сувилагч, эмч нар илүү цагаар шөнө өдөргүй ажилласаар байна. Тэд вирусний халдвартай өвчтнүүдээ харж хандахын тулд амны хаалтаа сольж амжихгүй дахин хэрэглэж байна.
Бельгид эмч нар амьсгалах аппаратны дутагдалтай байгаагийн улмаас хэн нь үхэх эсэхийг шийдэхэд хүрч байна. Бельгид нэгэн настай эмэгтэй өөрөө шийдвэр гарган, залуу эцэг эхэд амьдрах боломж олгохын тулд амьсгалах аппарат зүүхээс татгалзжээ.
Бельгийн Биком хотын иргэн Сузанн Хойраерц эмч нарт хэлэхдээ “Би хиймэл амьсгал хэрэглэмээргүй байна. Үүнийг тэдгээр залуу эцэг эхэд өгөөрэй. Би аль хэдийн сайхан амьдралыг үзсэн” гэжээ.
Тэрээр анх эмнэлэгт 2020 оны 3 сарын 20-нд хүргэгдэн ирэхдээ хоолондоо дургүй, амьсгал нь давчдсан шинж тэмдэгтэй байжээ. Түүний биеийн байдал сайжрахгүй дордож эмч нар хиймэл аппарат зүүлгэх хэрэгтэй болсон гэнэ.
Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээгээр эерэг гарсны дараа түүнийг тусгаарласан өрөөнд шилжүүлж охин Жүдитийг нь хүртэл оруулаагүй байна. Харамсалтай нь тэр эмнэлэгт ирснээс 2 хоногийн дараа нас барсан юм.
Охин Жүдит нь сонинд өгсөн ярилцлагадаа “Би ээждээ баяртай ч гэж хэлж чадаагүй, түүний оршуулганд ч байх боломж олдоогүй” гэжээ.
Тэрээр мөн ярихдаа, гэртээ байдаг ээж нь яаж энэ вирусний халдвар авсныг мэдэхгүй байна. Тэр хотын албаныхны заавар дүрмийг ягштал мөрдөн дагаж байсан гэжээ.
Одоогоор Бельгид 67 мянган тохиолдол бүртгэгдэж 9,800 хүн нас барсан байна. Харин 17 мянган хүн эдгэрчээ.