Албан тушаал, иргэний харьяаллаас үл хамааран Тайландад ирсэн гадаадын бүх иргэнийг 14 хоног хөл хорионд байлгахыг Аялал жуулчлал, спортын сайд Пипат Ратчакитпракан нь мэдээллээ. Оршин суугчид нь олноор халдвар авсан Вьетнамын Дананг хотоос 80 мянган жуулчныг нүүлгэн шилжүүлэх болсны дараа Тайландын эрх баригчид ийм шийдвэр гаргажээ. Тус улсад дотоодод нь халдвар тархсан нэг ч тохиолдол сүүлийн хоёр сар гаруй хугацаанд бүртгэгдээгүй. Гэвч гадаадаас ирээд хоёр долоо хоногийн хөл хорионд байсан иргэдээс нь халдварын тохиолдол илэрсэн аж.
Францын “Sanofi”, Британийн GSK компани хамтран бүтээж буй, коронавирусийн вакцинаас 60 сая тунг авах гэрээг Британийн Засгийн газар байгуулжээ. Коронавирустэй тэмцэж буй эмнэлгийн болон нийгмийн ажилтнууд, архаг өвчтэй иргэдээ ирэх 2021 оны зунаас түрүүлж вакцинд хамруулах гэнэ. Мөн зуны жуулчны улирлыг аврахын тулд Лондоны Хитроу нисэх буудал зорчигчдоо коронавирусийн халдвар авсан, эсэхийг шалгадаг болох төсөл хэрэгжүүлэх болов. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд сар бүр эмнэлгийн зориулалттай амны хаалт 40 сая, нүдний шил хоёр саяыг экспортлохыг Энэтхэгийн Засгийн газар зөвшөөрчээ.