ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дэлхийн улс орнуудн байдлыг Гадаад харилцаа, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.
ДЭМБ-ын мэдээлснээр өчигдөр 215 мянган халдварын шинэ тохиолдол, 5274 нас баралт бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн шинэ халдварын 60 гаруй хувь нь АНУ, Бразил, Энэтхэг улсад бүртгэгджээ. АНУ-д 59 мянга гаруй шинэ тохиолдол, Бразил улсад 69 мянга гаруй, БНЭУ-д 48 мянга гаруй шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Халдварын зэргийг бүс бүсээр ангилбал, Америкийн бүсад 8.8 сая, Европын бүсэд 3.2 сая, Зүүн өмнөд Азийн бүсэд 1.8 сая, Газар дундын тэнгисийн зүүн эргийн бүсэд 1.5 сая, Африкийн бүсэд 0.7 сая халдвар бүртгэгдсэн байгаа бол манай улсын харьяалагдах номхон далайн баруун бүсэд 0.2 сая халдвар буюу хамгийн бага халдвар бүртгэгдсэн байна. Харин АНУ-д 150 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн нь дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт нас баралтын дөрөвний нэгийг дангаараа эзлэх болжээ. Үүнийг тус улсын хүн амын тоотой харьцуулж харвал 10 мянган хүн амд 4.5 нас баралт ногдож, эндэгдлээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Харин Их Британи, Итали, Испани, Перу, Чили гэсэн таван оронд нас баралтын түвшин хамгийн өндөр байна.