УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57.3-т “Нам, эвслүүд санал авсан өдрөөс хойш 45, нэр дэвшигчид санал авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг. Нэр дэвшсэн 606 хүн үүний дагуу сонгуулийн зардлын тайландаа дүгнэлт гаргуулж, энэ сарын 24-нд багтаан Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм. Дээрх хугацаанд 393 хүн буюу 65 хувь нь аудитын дүгнэлт бүхий тайлангаа тус газарт хүргүүлсэн байна. Зарим нь хувийн аудитын этгээдээр дүгнэлт гаргуулаагүй тайлан ирүүлснийг энэ тоонд багтаагаагүйг тус газрын ажилтан нь хэлэв. Нэр дэвшсэн хүмүүс дансны орлогын нийт хэмжээг хөрөнгийн эх үүсвэр болон гүйлгээ тус бүрээр, хандивын хэмжээ, хэлбэр, зарлагын ангилал, гүйцэтгэл, түүний гэрээ, үлдэгдлийн хэмжээ зэргийг тайландаа багтаах ёстой аж.
Үндэсний аудитын газрынхан үүнийг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх юм.
Зөрчлийн тухай хуулийн 17.1.25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянга, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.
УИХ-ын сонгуульд оролцсон 13 нам, дөрвөн эвслийн тухайд ирэх сарын 9-ний дотор аудитын дүгнэлт бүхий тайлангаа хүргүүлэх заалттай.