БШУЯ-наас 9-р сарын 1-нд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлэх болсонтой холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хувийн өмчид суурилсан цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулиудын төлбөрийг сар, улирлаар хийж болох зохицуулалт хийх ажлыг зохион байгуулна хэмээсэн юм.
Тэрбээр хэлэхдээ “Бид хувийн өмчид суурилсан цэцэрлэг, ЕБС, МСҮТ, их, дээд сургуулиудын төлбөрийг уян хатан байхаар зохицуулалт хийнэ. Эцэг, эх, асран хамгаалагчид хүндрэл учруулахгүйгээр төлбөрийг сар, улирлаар хийж болох зохицуулалт хийх ажлыг зохион байгуулна. Энэ асуудлаар өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яаманд холбогдох маш олон хүсэлт ирж байсан” гэлээ.
Мөн БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх, Энэ жил 150 мянга орчим оюутан суралцана гэсэн төлөвлөгөө гаргасан. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг тухайн сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэдэг. 2020-2021 оны хичээлийн жилд бүх сургуулиуд сургалтын төлбөрөө тогтоочихсон байгаа. Сургалтын төлбөр энэ хичээлийн жилд нэмэгдэхгүй.