УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын эхээр дөрвөн өдрийн турш хэлэлцэн долдугаар сарын 7-нд шийтгэх тогтоолоо танилцуулсан билээ. Тодруулбал, ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тэрбээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс зэрэг хүмүүстэй хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэхдээ улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ урвуулсан гэм буруутай гэж шүүх дүгнэсэн. Улмаар Н.Номтойбаярт нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, таван жил таван сар хорих ял оноов. ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваад гурав, дэд дарга Б.Шижиржаргалд дөрвөн жил хорих ял оноосон бол мэргэжилтнүүд болох М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Б.Гантөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Н.Алтансувдыг цагаатгасан юм.
Тэгвэл уг хэрэгт хамтран оролцсон хэмээн буруутгагдсан Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ. Уг нь түүнийг бусад холбогдогчийн хамт шүүх байсан ч өмгөөлөгч нь тухайн үед хуралд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэнээр тусгаарлан шийдвэрлэхээр болсон юм. ХХҮЕГ-ын ажилтан түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасан, 15 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа
1 comment
Ганэрдэнийн гарын үсгийг дууриалгаад зурсан байна гээд байхад шуурганд туучих юмдаа ээ хайрхан юул болоод байна даа….