Манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар нь ихээхэн чухал байр суурь эзэлдэг салбарын нэг юм. Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг хангаж байна.

Монгол Улсын ‘Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу Үндэсний Статистикийн хороо “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2019 оны 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд малтай өрх, ААНБ бүрийг хамруулан, улсын хэмжээнд зохион байгуулж явуулав.

Мал, тэжээвэр амьтдын тооллогын 2019 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 71.0 саяд хүрч, өмнөх оныхоос 4509 мянган толгойгоор буюу 6.8 хувиар өссөн бөгөөд төрлөөр нь авч үзвэл, адуу 4.2 сая, үхэр 4.8 сая, тэмээ 472.4 мянга, хонь 32.3 сая, ямаа 29.3 сая толгой тоологдлоо.
Мал, тэжээвэр амьтдын тооллогын 2019 оны дүнгээр нийт 285.5 мянган малчид байна. 2019 онд малтай 233.3 мянган өрх байгаагийн 171.6 мянга нь малчин өрх байна.

Амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй болсон малчин өрхийн эзэмшилд 2019 оны байдлаар нийт малын 89.4 хувь буюу 63.4 сая толгой мал байгаа бөгөөд нэг малчин өрхөд дунджаар 370 мал, харин бодод шилжүүлснээр тооцвол 96 бод мал ноогдож байна.

Мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнд үндэслэж мал, амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний хэмжээг тооцон дүн шинжилгээ хийж, цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гарган авах, салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой юм.

Энэхүү танилцуулгад мал аж ахуй, газар тариалангийн салбарын 2019 оны төлөв байдлыг нэгтгэн, мал тооллогын үндсэн үр дүнгээс, гадна мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, голлох нэр төрлийн түүхий эд үйлдвэрлэлийн хэмжээ, тэдгээрийн экспорт, импорт, малчин өрх, малчдын мэдээлэл, мал эмнэлгийн арга хэмжээ, малын хашаа, худаг, уст цэг болон газар тариалангийн салбарын үндсэн үзүүлэлтүүд болох тариалсан талбай, хураасан ургац, га-гийн ургацын талаарх мэдээллийг тусгасан болно.

Танилцуулгад улсын дүн болон Баруун, Хангай, Төв, Зүүн бүс болон Улаанбаатар гэсэн бүсүүдээр тодорхойлж, зэрэгцүүлэлт хийж харуулав.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн