2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлнэ. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн бүртгэл орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохтой зэрэгцэж байна.
Цэцэрлэгийн бүртгэлийг 4 дэх жилдээ цахим хэлбэрээр явуулж байна. Өмнөх жилүүдэд бүртгэлийг 7 дугаар сарын 25-наас хойш нэг сарын хугацаатай зохион байгуулдаг байсан юм. Тэгвэл энэ жил цар тахалтай холбоотойгоор бүртгэлийн хугацаа богиносжээ. Тодруулбал “Наймдугаар сарын 3-25-ны хооронд иргэд, эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч бүртгүүлнэ. Ингэхдээ 4 алхмыг хийх аж. Нэгдүгээрт тус сайт руу нэвтэрч орон хүүхдийнхээ регистрийн дугаараар хүүхдийнхээ мэдээллийг баталгаажуулж харна. Ингэснээр аль цэцэрлэгт танай хүүхэд хамрагдах боломжтой нь гарч ирнэ. Хоёрдугаарт өөрийнхөө холбоо барих утасны дугаарыг оруулна. Тухайн бүртгүүлсэн утасны дугаар 6 орон бүхий код ирнэ. Үүнийг тухайн сайт руу орж баталгаажуулсаар таны утсан дээр бүртгэл баталгаажсан тухай мэдээлэл ирнэ. Магадгүй цахим орчинд орох боломжгүй иргэд байх юм бол тухайн товлосон хугацаанд дүүргийнхээ болон харьяаллынхаа цэцэрлэг дээр ажиллах ажилтнуудад мэдээллээ өгч баталгаажуулна.
Наймдугаар сарын 26-нд цэцэрлэгийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулна. Үүний дараа тухайн иргэдэд бүртгүүлэн гар утасны дугаарт нь хүүхэд цэцэрлэгт тань цэцэрлэгт бүртгэгдсэн эсэх мэдээлэл очно.
Л.Баяр